Монголд “Алт дилер”-ийн хэрэг давтагдаж байх шиг

2017-02-17 Нийтлэл

Монгол Улс хилийн чанадад 23,5 тэрбум ам.долларын өртэй болжээ. Аль хэзээний өрийн тойрогт орж, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөхөд хүрчээ. Тэгвэл энэхүү 23.5 тэрбум ам.долларын зээлийн үйлчилгээний төлбөрийг төсөөлөхийн тулд хялбарчлаад жилийн 10 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай гэж үзье. Энэ тохиолдолд манай улсад гадаад өрөө графикийн дагуу төлөхийн тулд жилд 4.7 тэрбум орчим ам.доллар шаардлагатай. Мөн импортоо санхүүжүүлэхэд хамгийн багадаа жилд 4.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улсад ойрын 10 жилийн турш хамгийн багадаа жил бүр 9.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн үг. Гэтэл экспортын орлого өнгөрсөн жилүүдэд тогтмол буурч ирсэн үзүүлэлттэй байна. Энэ оны хувьд гэхэд л, тав орчим тэрбум ам.доллар байхаар байна.

Харин бодит байдал дээр валютын нөөц хасах руу орсныг холбогдох албаныхан мэдээлж буй юм. Тодруулбал, Монголбанкны гадаад өрөөс өнөөгийн байгаа гэгдэх валютын нөөцийг хасахаар -429 сая ам.доллар болж байгаа гэх. Үнэндээ валютын нөөц хасах руу орсон нь тухайн улс орон гадаад төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийх чадваргүй болох буюу гүн хямралд орлоо гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, аливаа улсын мөнгөн тэмдэгтийн ханш нь зах зээл дээрх бусад бараа бүтээгдэхүүний адил эрэлт нийлүүлэлтээр тогтдог гэж хэлж болно. Мэдээж эрэлт нийлүүлэлт нь тухай улсын төрөөс явуулж буй бодлого, эдийн засгийн бүтэц, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийн хөгжлийн хандлага гэх мэт олон зүйлсээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад валютын албан нөөц нь бодит байдал дээр хасах 429 сая ам.доллар болж буурсан нь манай улсын Засгийн газар, иргэд ААН-үүдийн гадаад төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийхэд хүрэлцэхгүй байгааг л ханшны савалгаа илэрхийлж байна.

Судлаачдын үзэж буйгаар өнөөгийн нөхцөл байдал нь “Алт дилерийн хэрэг” буюу 1991, 1992 онуудад үүссэн хэрэг явдалтай тун төстэй хэмээж буй юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар дэлхийд алдартай Стэнфордын сургуульд олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухааны зочин судлаачаар хоёр жил шахам хугацаанд ажилласан. Тухайн үед тэрбээр “Монгол Улсын өр ДНБ-ний 180 хувьд хүрлээ” хэмээн мэдэгдэж, “Алт дилер”-ийн хэргийн талаар тодруулж байв. Үүнд, Монгол Улсын Төв банк 100 сая ам.долларын алдагдлыг банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн арилжааны үр дүнд хүлээж байсан нь одоогоос 24 жилийн өмнө буюу тэртээ 1991 он. Ардчилалтай нас чацуу. Тэрхүү алдагдлын төлбөрт улсын нөөцийн 4,4 тонн алтаар төлбөр хийсэн болохоор түүхэнд алт дилерийн хэрэг хэмээгдэн үлдсэн юм. Энэхүү алт дилерийн луйвар тухайн үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг болсон байж. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх анхны аймшигт том луйвар байлаа. Чухам энэ үеэс Монголд хариуцлагын засаглал хямарч, эдийн засгийн шимэгчид бий болж эхэлсэн юм гэдгийг онцлон хүргэж байсан. Энэ мэтчилэн олон учир шалтгааныг тайлбарлан хүргэж байв.

Харин өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлаар ирэх жил зөвхөн Засгийн газар, Монголбанк нийлээд дөрөв орчим тэрбум ам.долларыг гадаад өрөндөө төлнө. Энэ утгаараа валютын эрэлт огцом ихэсч, төгрөгийн ханшийг барихад хэцүү харагдаж байгааг эдийн засагчид тооцоолж буй. Түүнчлэн манай улс гадаад дахь өр ялбараа графикын дагуу төлөхөд үлдсэн хэд нь төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд хангалтгүй учраас нэг талаас төсвийн зарлагаа эрс хумихаас гадна шинээр өр зээл тавихаас өөр аргагүй байдалд ороод байна. Өөрөөр хэлбэл, манай улс “Өрийн тойрог”-т орсныг энэхүү байдал нь баталж байна.

Ямартай ч эдийн засгийн хямралаас богино хугацаанд, хохирол багатай даван туулахын тулд бид юуны өмнө эхлээд төрийн төсөв мөнгөний бодлогын алдааг засч залруулах хэрэгтэй. Төрийн бодлого, үйл ажиллагаа нь уялдаа холбоотой, улс орны эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн байвал, мөн хямралаас гарахад шаардагдах валютын орлогыг бүрдүүлж чадвал хоёр жилийн дотор гарах боломжтойг салбарынхан онцолж сууна. Гэвч бодлогын алдааг зассан ч түүний хор уршиг нь хэдэн арван жилдээ арилдаггүйг мартаж болохгүй. Тухайлбал, 1996-2000 оны хооронд ажиллаж байсан Засгийн газруудын явуулсан бодлого, үйл ажиллагааны хор уршиг өнөөг хүртэл арилаагүй. Наанадаж л, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хувьчлал нэрийн дор сүйтгэж, цөлмөсөний уршгаар манай улс импортлогч, хэрэглэгч улс болсон гэдгийг ч санах нь зүйн хэрэг юм.

О.СЭЛЭНГЭ

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.