УИХ-ын ээлжит бус чуулган ТҮР ЗАВСАРЛАЛАА

2017-09-7 Парламент

УИХ-ын ээлжит бус чуулган дөнгөж сая завсарлалаа. УИХ-ын гишүүд 20 минутын хугацаанд цайлаад эргэн асуудлаа хэлэлцэх юм. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай үргэлжилсэн. Ямартай ч Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд зааснаар өнөөдрийн 00.00 цаг хүртэл хэлэлцэх ёстой. Тиймээс цаг сунгасан. Ингээд хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.   

Ё.Баатарбилэг: Төрийн хямрал руу битгий хөтлөөсэй. Монголын төр битгий хямраасай гэсэн чин хүсэл байна. Сонгогч олон түмнийхээ нийтлэг эрх ашгийг бодож мэргэн шийдвэр гаргана байх. Тун удахгүй бид намын Бага хурал, Их хурлаа хийж сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Их богино зай байна. Та бүхэн бодолцож үзээсэй.

Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт: Зөвхөн миний хариуцсан салбарт гэмт хэргийн гаралт буурсан. Гэхдээ бидний нөхөд хангалттай сайн биш гэж үзэж байгаа юм байна. Концессын асуудалд би холбогдсон. 2013 онд эхэлсэн асуудал. 2014 онд Д.Зоригт сайд шалгаруулж гэрээ хийж байсан. 2016 оны эдийн засгийг сэргээх хөтөлбөрт багтсан. Ингээд 2017 оноос явж байгаа ажил. Би өөрийгөө шалгуулна. Гэр бүлийнхэн маань хүртэл “луйвар хийчихсэн юмуу” гэж асууж байна. Тиймээс ажлаа өгч байгаад шалгуулна. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд ийм зүйл битгий хийж байгаасай. Бидний энэ үйлдлүүд 2020 оны сонгуульд нөлөөлнө. Улстөр хийж болно. Гэхдээ гүжир гүтгэлгээр журмын нөхдөө гомдоох хэрэггүй.

 О.Содбилэг: Засгийн газар битгий огцроосой гэж бодож байна. Хөрөнгө оруулагч Засгийн газрын асуудлаас  болоод хөрөнгө оруулалтаа азнаж байх жишээтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг иргэддээ эзэмшүүлэх юу болох вэ. Тиймээс энэ Засгийн газрыг огцруулах нь буруу гэж бодож байна. Монгол Улсын эдийн засаг дунд хугацаандаа сайжирна. Сайн ажиллаж байгаа Засгийн газраа Ерөнхийлөгчийн сонгуультай холбож огцруулах гэж байгаа нь буруу.

-УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Ардчилсан нам Засгийн газраа огцруулж байсан. Тухайн үед цөөнхийн бүлгийн дарга бидний өмнөөс харж сууж байгаад “Засгийн газраа олонх өөрсдөө унагаадаг” гэж хэлсэн. Гэтэл та бүхэн өөрсдөө ийм байдалд хүрээд байна. Би арван сарын өмнө хүссэн хүсээгүй бидний замаар явна гэж сануулсан шүү дээ. Тэр үед та бүхэн намайг шоолж байсан. Хайран ард түмний итгэл найдвар. Засгийн газраа та нар өөрсдөө л унагаж байна. Ардчилсан нам бол зүгээр ажлаа л хийж байгаа. Энэ УИХ-ыг тараасай гэж би боддог болсон. Бүгдээрээ тарчихвал яасан юм бэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: УИХ-ын олонх нь Засгийн газраа бүрдүүлдэг. Огцруулах механизмын тухайд нэр бүхий гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ аргын хувьд эхлээд бүлгийн дарга Д.Хаянхярваад тавих ёстой. Шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь арга замын хувьд буруу болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Усан бороо их орсон намар орой ургац маш хүнд байгаа эгзэгтэй, хахир өвөл дөхөж байгаа үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байна. Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл харагдаагүй учраас огцруулах тал дээр саналтай байгаа. Энэ Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй байна. Өнөөдөр цалин нэмэх асуудлаар ээлжит бус хуралдаан зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч буй маш олон асуудал байна. Төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцүүлээч. Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Наанаа нам нам гэж ярьж байгаа ч цаанаа өөр намтай нэгдээд хуулийн байгууллагыг авсан ийм байдлыг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Нийгэм өөрчлөгдөж, улс төр хоцорч байна. Бид буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх ёстой. Засгийн газрын огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан хугацаанд багтааж шийдэх ёстой. 2000 оноос хойш 65 суудлын эрх мэдэл манай намд ирсэн. Бид эдийн засгаа сэргээх томоохон бодлого гаргах ёстой байсан. Гэвч хэсэг бүлэг хүмүүсийн бодлого явсан.  Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон.

-Байгаль, аялал жуулчлал, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол: Жилийн хугацаанд Засгийн газар сайн ажилласан. Сонгуулийн үеэр Монгол Улсын эдийн засаг -1,3 хувь байсан. Улс дампуурал зарлах хэмжээнд хүрээд байсан. Олон төсөвтэй явсныг бид зангидсан. Сүүлийн гурван жилд анх удаа Монгол Улс төсвийн орлого давсан. Бүх юмыг хараар будаж болохгүй. Аж ахуй нэгжид нэг хувийн татвартай болгосон. Оюутан олсон орлогоороо 10 жилийн дараа төлбөрөө төлөх боломж олгосон, ахмад настанд “Насны хишиг” олгосон гэх олон чухал хууль тогтоомжийг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан.

-УИХ-ын гишүүн М.Билэгт: Бид улс орны өвөлжилтийн бэлтгэл ярих ёстой байхад Засгийн газраа огцруулах гээд яриад байж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн ч бид улс орноо бодож сонголт, шийдвэрийг гаргасан. Засгийн газраа унагах нь иргэдийн амьдралд хүндээр тусна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан асуудлыг намын Бага хурал, Их хурал дээр ярих ёстой. Хоёр сар хүрэхгүй хугацаанд намын ээлжит Их хурал болно. Концессын гэрээг шалгаад, хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлтээ бид өөрсдөө оруулж ирж байсан шүү дээ. Хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олголоо гэж байна. Эдийн засаг сайжирвал хүүхэд бүрт өгнө гэж ярьж байсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Популист аргаар улс төрийн оноог авах гэсэн нөхцөл байдал энэ хариуцлагатай танхимд гарч байгаад харамсалтай байна. Хэн нэгэн улс төрчийн онцгойрсон тоглолт газар авахгүй байх гэж бодож байгаа. Хариуцлага тооцох гэж байгаа асуудлыг би буруушаахгүй байна. Гарын үсгийн цаана юу байдаг вэ гэдгийг харах ёстой. Ард түмний асуудлыг шийдэх гэж байна уу сандал ширээний асуудал шийдэх гэж байна уу. Засгийн газрын тогтворгүй байдал эдийн засагт эсрэг нөлөө үзүүлнэ. Тиймээс улс орныхоо нөхцөл байдлыг анзаарч кнопоо дараасай. Засгийн газрыг өмөөрөхгүй, хариуцлага тооцох ёстой. Үүнийг улс төрийн асуудлаа шийдэх газраа шийдэх хэрэгтэй.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.