Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтран “Монгол- Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-аас 30-ны өдрүүдэд Хөх хотод болох гэж байна.
“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулснаар Монгол, Орос БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхмыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах юм. Мөн экспо арга хэмжээний үеэр болох бизнес форумд оролцох, урт хугацаанд найдвартай хамтран ажиллах бизнесийн түнш олж экспортын үйл ажиллагааг эхлэх, өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг өгөх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн экспод Монгол Улсаас 320 гаруй аж ахуй нэгж оролцох урьдчилсан тоо гарч, бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн зөвхөн Монгол Улс, БНХАУ гэж хязгаарлагдахгүйгээр 30 гаруй орон урилгаар, ОХУ зочин орноор оролцох юм.
Түүнчлэн экспод оролцох аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс ХХААХҮЯ-наас Европын сэргээн босголтын банктай хамтран энэ сарын 05-07-ны өдрүүдэд “Монгол Хятадын Экспо” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн экспо дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд Монголын талаас Хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн газар, Хурал, форумын ажлын хэсгийг Гадаад харилцааны яам, Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийг ХХААХҮЯ болон МҮХАҮТ, “Соёлын долоо хоног” аян арга хэмжээг Соёл, урлагийн газар ахлан тус тус хамтран зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад, “Монгол-Хятадын анхдугаар Экспо” нь 2015 онд Хөх хотод болж байсан бөгөөд Монголоос 239 аж ахуйн нэгж оролцож, 1,2 сая юань буюу дөрөв орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.