МАН-ын ээлжит молиго өмхүүлэлт

2017-02-16 Нийтлэл

УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н иргэдийн гар дээрх хувьцааны тодорхой хувийг Засгийн газар бэлэн мөнгөөр худалдаж аваад, эгэл ард бид чинь хэдэн хоног бөөн баяр гүйв шүү дээ. Харин өнөөдөр МАН-ын гаргасан энэхүү шийдвэрийн лай ланчигт Засгийн газар сөхөрч сууна. Өөрөөр хэлбэл, хямралтай байгаа эл үед бэлэн мөнгө хэвлэж тараасан нь улс орны эдийн засгийг улам л элгээр нь хэвтүүлчихлээ.

Тухайн үед Сангийн сайдын мэдэгдэлд дурьдсанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрт 495 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч улс орны эдийн засаг хямарч хадгаламж, зээлийн харьцаа алдагдан дотоодын санхүүгийн нөөц хуримтлал шавхагдаж, банкны системийн эрсдэл эрс нэмэгдэн зээлийн хүү өсөж байсан үе. Тиймээс Монголбанкны мөнгөөр л тус хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой байж. Ийнхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монголбанк их хэмжээний мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэйгээр байршуулж, харин тэр мөнгөөр нь арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан байдаг. Өнөөгийн байдлаар тус хөтөлбөрт зориулж, нийт 374 тэрбум төгрөгийн бонд худалдсан бөгөөд тус хөтөлбөрийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгоход зориулжээ. Харин үүнийхээ төлөөсөнд Засгийн газар 11.9 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тус хөтөлбөр нь мөнгө угаадаг сонгодог хэлбэр гэж хэлж болно. Ашиг хүртэгч нь арилжааны банкнууд, алдагч нь Монголын ард иргэд. Учир нь ард түмний ирээдүйд төлөх татварын мөнгөөр ард түмнээсээ хувьцааг нь худалдаж авсан нь иргэд өөрийн хөрөнгөө өөрөө өндөр хүүтэй мөнгө зээл авсантай ялгаагүй юм. Ингэж л МАН-ын ээлжит молиго өмхүүлэлт иргэдийн сэтгэлийг ховх татаж чадсан түүх оршвой.

О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.