Монголчууд сүүлийн үед уламжлал дэг ёсын дагуу хуримлах болсон нь талархалтай. Гэхдээ нутаг нутагт өөр байдаг энэ зан үйлийг хольж хутгах маягаар үйлдэж байгаа тал ажиглагддаг. Тиймээс хуримлах зан үйлийн талаар энэ удаад тодотгож байна. Монгол түмний хуримлах зан үйл нарийн дэг ёстой байдаг нь цаанаа учир шалтгаантай, бэлгэдэл зүйн гүн гүнзгий агуулгатай бөгөөд гэр бүлийн тогтвортой байх үндэс болдог байсныг судлаачид хэлдэг юм. Хуримтлах уламжлалт зан үйлийг хамгийн эрт үеийн байдлаар хадгалаж үлдсэн нь Баяд, Урайнхайчууд. Тиймээс бид тэдний хурим найрын ёс, дэг жаягийг сонирхуулахаар бэлдлээ.
1-Р ШАТ: АМ АЛДУУЛАХ
Тэдний ёсоор хамгийн түрүүнд “Ам алдуулах хүн”-ийг явуулдаг. Энэ хүн архи сайн даадаг, цэцэн цэлмэг үгтэй, элэг бүтэн, нас тогтсон, гол усандаа нэр хүндтэй байх ёстой. “Ам алдуулагч” охиныд очоод “Манайд үгүй Магнагийн өөдөс танайд Танайд үгүй Тасын өөдөс манайд Хишгийг тань хүртэнэ Хиргийг тань тунгаана” гэх мэтээр шүлэглэж ерөнхийдөө “Танай энэ охинтой тэдний тэр хүү нь суух хүсэлтэй гэнэ” гэх маягийн юм хэлээд буцна.
2-Р ШАТ: ХАДАГ ТАВИХ
Үүний дараа хүргэний талаас худ нь хэр хүлээн авч байгааг танадаад дараагийн алхмаа хийнэ. Өөрөөр хэлбэл хандлага нь эерэг байвал “Хадаг тавина”. Түүнээс биш одоогийнх шиг хүргэн хүү охиноо дагаж ганц нэг оччихоод дараа нь шууд хадаг бариад орчихдоггүй байжээ. Хадаг тавих хүмүүсийн дунд авга ах болон уран цэцэн үгтэй хүн заавал байх ёстой. Очихдоо аав ээжид нь өгөх бэлэг, идээ цагааныхаа дээжийг авч очно. Охины гэрийн гадаа буугаад дөрвөн зүгт архи, сүүнийхээ дээжийг өргөөд гэрт ордог. Мэнд усаа мэдэлцсэний дараа хүүгий талын ахмад хүн цагаан хадаг архитай барьж, “Тэмээ хөтөлдөг нь танайд Тэн өргөдөг нь манайд Уургын уртаар морь барьдаг Ургийн ургаар зуу хүрдэг Эрхэм та нарыг түшин хишиг хүртье” гээд хадгийг охины аавд өгнө. Охины тал зөвшөөрвөл “Ураг төрлөөрөө зөвшье” гээд архийг тогтоож хадгийг авдаг. Харин эс зөвшөөрвөл хадагнаас нэг ширхэг утас аваад буцааж өдөх заншилтай. Хадаг тавихаар ирсэн хүмүүсийг согтоогоод буцаадаг газар ч бий.
3-Р ШАТ: ЛАВ АВАХ
Хадаг тавьсанаас сарын дотор “Лав авах” ёслол болно. Энэ үед хүүгийн аав ээж худындаа очиж “Лаваа хайрлана уу” хэмээн хадаг барих бөгөөд охиныг мордуулж авах сар өдрийг товлоно. Өөрөөр хэлбэл эргэлзээ тээнэгэлзээ байгаа эсэхийг шалгаж худууд хоорондоо танилцдаг юм. “Лав”- аа авсаны дараагаар дөрвөдөд бол цацал өргөх ёслол болж хүүгийн талаас хоёр хүн архи, айрагтай ирж охины архи айрагтай нэг сөнд нийлүүлээд найрладаг. Энэ үеэр охины аавыг хүүгийнд очихыг урих бөгөөд тогтсон өдөр охины аав худындаа очиход сүй бэлэг өгөх өдрийг товлоно. Нэг ёсондоо хоёр аав дотночлон танилцах боломж юм. Мэдээж дараа нь товлосон өдрөө хүүгийн талаас охиныд сүйгээ өгнө.
4-Р ШАТ: ХҮРГЭН ТАНИЛЦУУЛАХ
Сүйгээ өгчихөөд “Хүргэн танилцуулах өдөр” болдог. Энэ өдөр хүү сайхан хувцас өмсөж, сайн морио унаад хадмындаа ирж ирээдүйн эхнэрийнхээ хамаатан садантай нь танилцаж айл саахалтаар нь буугаад буцдаг заншилтай. Энэ үеэр залуу бэлэг сэлт өгч тал засах боломжтой. Энэ бүхний дараа гэр бүрэх ёслол болно. Хоёр талаас товлосон өдөр гэрийн мод, эсгий, дээс, шидмэс зэрэг хэрэгтэй бүхнийг авч цугладаг. Хоёр талын хүүхнүүд эсгийг эсгэж гэрийн бүсээс оёх ба эрчүүд мод таруулна. Гэр бүрэх үед хоёр талын ах дүү хамаатан садангууд ажил үйлийн хажуугаар танилцаж дотносодог юм. Гэрээ тааруулж бүрээсийг оёод өдөрт барьж хоёр аав галыг асаагаад цай чанаж цайдсанаар энэ ёслол дуусна.
5-Р ШАТ: ОР ОЁХ
Эмэгтэй тал нь охиноо өгөхөө бүрэн дүүрэн илэрхийлж, гэрээ хүртэл бэлдчихсэн учраас доторхи тавлига бусад эд зүйлийг бэлдэхэд анхаарах ба тав тухтай амьдралын эхлэл болсон “Ор оёх” ёслол болно. Хүүгийн ээж гудас, охины ээж хөнжил оёдог энэ зан үйл хоёр ээжийг танилцуулахад зориулагджээ.
6-Р ШАТ: ХУРИМЛАХ ЁСЛОЛ
Орон гэр, тавлига саваа бэлдчихсэн учраас “Лав авах” үеэр товлосон цагтаа охиныг мордуулдаг. Охиныг мордуулахад залуугийн аав, хүргэн болон түүний найзууд буюу бэр булаалдах залуус, цай үслэгийн хүн, охины эд хогшилыг ачих хомтой тэмээ, хар суран ногттой эмээлгүй морь хөтөлж очно. Бэр мордуулах хүмүүс өөрийн идээ ундааг дэлгэж, бүтэн хоньны махыг тавиад хүүгийн аав хөндөж гэрт байгаа хүмүүс хишиг хүртээнэ. Үүний дараа хүргэн тураг махыг тэвшинд хийж охиныг дүүрэх морьны цулбуурыг хадаг, харгана, цавууны хамт барин орж ирнэ. Энэ үед хадам аав ерөөл хэлээд хүүд шагайтай чөмөг өгнө. Хүргэн шагайтыг эрхий хураагаар хөндөх ёстой. Хэрэв хөндөж чадахгүй бол “Эр биед гүйцсэн хойно чинь охиноо өгье” гээд буцаадаг. Өөрөөр хэлбэл энэ нь охиноо өгөх эсэхээ шийдэх эцсийн мөч юм. Тиймээс охиноо өгөхөө татгалзаж байгаа бол мөлжөөгүй, хатсан шагайт өгдөг. Мөлжөөгүй, хатсан шагайтыг барагтай эр хүн эрхий хуруугаар хөндөж чаддаггүй ажээ. Харин хүүг хүргэнээ болгохыг зөвшөөрч байгаа бол хатаагүй мөржчихсөн шагайт өгдөг учиртай. Охин шагайтны нарийн үзүүрээс, хүү бүдүүн үзүүрээс барьж бурхан шүтээн, гал голомтонд мөргөнө. Үүний дараа хэсэг наргиад товлосон цагт охиныг мордуулах бөгөөд охин гарахдаа гэрийнхээ ханаас зуурч уйлдаг. Энэ үед бэр булаалдахаар ирсэн залуус бэрийн гарыг ханын шийрнээс тавиулж гэрээс гарахыг завдах үед охины талын залуус тэдний хойш нь түлхэж багананаас хойш гаргана. Энэ үйлдлыг гурвантаа хийнэ. Хэр удаан булаалдаж охин уйлах тусам сайн байдаг гэж үздэг. Цаад ухаан нь охины сэтгэл санааг шулуутгаж, дотрыг нь онгойлгох зорилгоор ийм ёс үйлддэг юм.
Бэр булаалдагчид охиныг гэрээс аваад гарч ирэх үед охин дүүрэхээр авч ирсэн морийг бэргэний эмээлээр эмээллэж, хазаараар нь хазаарлаад гэрийн үүдэнд авч ирнэ. Хүүхэн моринд мордсоны дараа бэртэй ивээл жилтэй, бяр тэнхээтэй, сайн эр араар нь мордож охиныг дүүрдэг. Охин төрсөн хотоо гурвантаа тойроод зам шулуудах бөгөөд ээж нь охиноо хүргэж өгдөг заншилтай. Бэрийг хадмын гадаа авч ирэх үед зарим газар бэрийн ирэх зүгт хоёр гал асаах бөгөөд галын хоорондуур охиныг гаргаж ариутгадаг. Ингэхдээ хүүхний морьны цулбуурын үзүүрт гогцоо гаргаад галын хоорондуур шидэх бөгөөд нөгөө талаас залуу цулбуурынх нь гогцоонд ташуураа хийж барьж авах ёстой. Хэрэв барьж авч чадахгүй хүүхний морьны цулбуурыг галын хоорондоос давуулж алдвал бэрээ авч чаддаггүй байжээ. Бэргэнийг галаар ариулаад гэрт оруулах бөгөөд хүүхний дагаж ирсэн найзууд нь гоёл чимэглэлээ зүүхэд нь туслаад охины урдуур цагаан хөшиг татаж орхино. Ингэсний дараа гэрт хүмүүс цуглаж хадам аав охины хөшгийг нээж ерөөл хэлдэг.
Ам алдуулахаас эхлээд хурим хүртэлх хэдэн сараар үргэлжлэх энэхүү зан үйлүүд нь хадмууд болоод хос хоёрыг хоорондоо танилцаж хэл амаа оролцоход зориулагдсан юм. Энэ урт хугацаанд гэр бүл болохоос татгалзах боломж хэд хэдэн удаа байдгийг уншигч авхай та анзаараа биз. Энэ бүхний даван туулж гэр бүл болох тэдний цаашдын амьдрал тогтвортой урт удаан үргэжлэхийн баталгаа болж байсан гэлтэй.
Үүний дараа зарим нутагт хүргэн хүү хоточ нохойгоо дагуулан орж ирэх бөгөөд охин нохойг хооллоод гаргана. Дараа хүүгийн аав, охины ээж хоёр гал асааж найр эхэлдэг. Найрын төгсгөлд “Хүрэн толгойн сүүдэр” дууг бүсгүйд сэтгэлтэй байсан залуу харамсаж байгаа илэрхийлэхийн ялдамд хос хоёрын цаашдын амьдралыг ерөөн дуулна. Энэ өдрөөс гурав хоногийн дараа охины аав айраг, архитай ирж найрлаад хос хоёр нэг гэрт орох зан үйлүүд дуусч сая гэр бүл болдог ажээ. Ам алдуулахаас эхлээд хурим хүртэлх хэдэн сараар үргэлжлэх энэхүү зан үйлүүд нь хадмууд болоод хос хоёрыг хоорондоо танилцаж хэл амаа оролцоход зориулагдсан юм. Энэ урт хугацаанд гэр бүл болохоос татгалзах боломж хэд хэдэн удаа байдгийг уншигч авхай та анзаараа биз. Энэ бүхний даван туулж гэр бүл болох тэдний цаашдын амьдрал тогтвортой урт удаан үргэжлэхийн баталгаа болж байсан гэлтэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.