Амласан ёсоороо “Хүмүүжлийн эерэг аргууд” цувралын энэ удаагийн дугаарт хүүхдийн дэмжлэг, мэдээлэл хүлээж авах чадварыг насных нь онцлогоор ангилан бэлтгэлээ. Таны хүү /охин/ тань хэдэн настай вэ? Та түүний насных нь онцлогийг мэдэрч, харилцаж чадаж байгаа юу? Энэ асуултанд итгэлтэй хариулахад тань дараах зөвлөгөө тус болох болно.
6 САРТАЙ ХҮҮХЭД
0-6 сартай /нярай/ хүүхдэд аливаа зүйлийн учир зүйг ойлгуулах нь чухал биш юм. Тэд ямар нэг дүрэм журам, учир шалтгааныг ойлгохгүй. Зөвхөн хэрэгтэй байгаа зүйлийг нь гүйцэлдүүлж өгөхийг л хүсдэг. Тэдэнд ямар нэг зүйл хэрэгтэй болоход энэ тухайгаа бидэнд уйлаад л ойлгуулчихна. Нярай хүүхдийн хамгийн дуртай, тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл бол ээж аавдаа тэврүүлэх, өргүүлж авахуулах, гар дээр нь тарвалзах, бүүвэйлүүлэх байдаг. Хүүхдээ тэврэх нь түүнтэй харилцаа тогтоох хамгийн анхны бөгөөд чухал арга юм. Түүнчлэн тэврэнгээ бүүвэйлэх нь хүүхдийн тархины хөгжилд маш сайн “тэжээл” болдог гэнэ. Нярай хүүхдийн уйлах нь ердийн үзэгдэл, түүний “хэл” гэдгийг эцэг эхчүүд мэдэх ёстой. Энэ насандаа хүүхэд гараа атгах, юм барих, амандаа хийж зажлахыг сурдаг. Эдгээр нь хүүхдийн булчинг хөгжүүлдэг. Гэхдээ эргэн тойронд нь түүнийг гэмтээж бэртээх аюултай эд зүйл, химийн бодис, хортой зүйл байгаа эсэхийг байнга шалгаж байх хэрэгтэй болдог.
6 САРААС 1 ОЙ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД
Энэ насны хүүхдийн уйлах нь багасч, инээх нь ихэсдэг.
Уйлах шалтгаанууд:
-Таныг жаахан холдоход өөрийг нь орхиод явж байна гэж айсандаа уйлна. Тэр таныг өрөөнд байхгүйг мэддэг болдог. Гэхдээ эргээд ирнэ гэдийг ойлгодоггүй. Энэ л түүнд аймшигтай санагддаг.
-Шүд нь ургаж эхлэх учраас маш их өвдөж, уйлдаг. Гэхдээ өвдөж байгаагаа танд хэлж чаддаггүй.
-Шөнөдөө тогтмол цагт уйлах нь түүний бие махбод, уураг тархи нэгэн хэмнэлд орж, хөгжиж байгааг илтгэж байгаа учраас үүнд эмзэглэх хэрэггүй. Гагцхүүү түүнд ойрхон байгаагаа л мэдрүүл. Энэ насанд тохиолддог хамгийн чухал үйл явдал бол хүүхэд хэлд орж эхэлдэг. Эхлээд ”аа”, “ээ”, “өө” гэх мэт авиа гаргаж ганганадаг. Энэ үед түүний дуудаж буй авиа орсон үг, үе хэлж өгснөөр түүний дуудаж буй авиа нь чухал болохыг ойлгуулж, үг, үе, авиаг дахин дуудах хүсэлтэй болгодог. Мөн тэр таныг үг хэлэхэд дагаж дууриасаар төрөлх хэлээрээ үг хэлж сурдаг. Хүүхдийг ганганаж гунганахад нь, дараа нь анхны бүтэн үгээ хэлэхэд нь түүнд хариу хэлж ярилцаж байснаараа та өөрийгөө хүүхэдтэйгээ холбох харилцааны хамгийн чухал алхмыг хийдэг.
1-2 НАСТАЙ ХҮҮХЭД
Энэ насандаа хүүхэд хэлд бас хөлд ордог. Хүүхэд явж эхэлснээр бүх зүйл өөрчлөгддөг. Урьд нь хүрч чаддаггүй байсан зүйлдээ хүрч чаддаг боллоо. Тэр яг л шинжээч судлаач шиг бүх юманд хүрч, барьж үзэн, аль нь дуу чимээ гаргадаг, аль нь унадаг, аль нь хөвдөг болохыг бүгдийг нь өөрөө туршилт хийж олж мэддэг. Түүний хийж байгаа эдгээр үйлдлийн аль нь ч муу зүйл биш, өөрийн оршиж байгаа ертөнцийг танин мэдэх гэсэн оролдлого юм. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн танин мэдэх гэж байгаа ертөнцийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хүүхэд юмсыг танин мэдэхийн хэрээр гайхалтай олон шинэ үг сурч тогтоодог. Харж байгаа бүх зүйлийнхээ нэрийг мэдэхийг хүсдэг. Тиймээс түүний хэлж байгааг хичээнгүйлэн сонсох, харилцан ярилцах, зурагтай ном үзүүлж, уншиж өгч байх хэрэгтэй.
Энэ насны хүүхэд “Үгүй, би өөрөө” гэж хэлэх нь олонтаа тохиолдох бөгөөд энэ нь бие даасан байдалд суралцаж эхэлж байгааг харуулж байгаа хэрэг. Хүүхэд өөрөө “Үгүй” гэж олон удаа хэлэхээс гадна түүнээс ч олон удаа “Үгүй” гэж бусдын хэлэхийг сонсдог. Тиймээс төдий тооны удаа уурлаж бухимдан, “муухай ааштай” болдог. Өөрийнхөө юу хүсч, мэдэрч байгаагаа илэрхийлэх баялаг үгийн сантай болоогүй учраас шалан дээр тэрий хадан унаж, орилж бахирах зэргээр уурлаж цухалдаж байгаагаа илэрхийлнэ. Эцэг эхчүүд ч гэсэн хариу “муухай ааш” гаргах нь олонтаа. Энэ үед хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандаж, аливаа зүйлийн учрыг ойлгуулах зарчмыг санаж, хэрэгжүүлж байвал хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх холын зорилгодоо хүрэх суурийг тавина.
2-3 НАСНЫ ХҮҮХЭД
Энэ насны хүүхэд их айдастай байдаг. Гэнэтхэн харанхуйгаас, амьтнаас, шинэ дуу чимээнээс, сүүдрээсээ айдаг болоход эцэг эхчүүд санаа зовдог. Гэвч энэ бүгд нь хүүхэд ухаан сууж, аюул, хор хөнөөлийн тухай илүү ихийг ойлгож, бэртэж гэмтэхээс болгоомжилдог болсонтой холбоотой юм. Нөгөөтэйгүүр энэ насныхан хийсвэр ба бодит байдлын ялгааг таних туршлагагүйн улмаас харсан бүхнээ бодьтой оршдог гэдэгт итгэдэг. Тухайлбал, та аймаар баг өмсчихвөл тэр таныг үнэхээр л тийм аймаар амьтан болчихлоо гэж бодно. Хүүхэд тань өсч хөгжиж байгаагийн бас нэг шинж тэмдэг бол тэр гэнэт ичимхий болж хувирдаг. Гадны хүний дэргэд гэрэвшиж байгаа нь таних танихгүй хүмүүсийн ялгааг мэддэг болж байгаагийн илрэл юм.
3-5 НАСНЫ ХҮҮХЭД
Энэ нас бол маш сэргэг, хурц үе юм. Хүүхэд юм бүхнийг мэдэхийг хүсдэг. Оюун ухаан нь ч гайхамшигтай хурдан хөгждөг. Ямар нэг шинэ зүйлтэй тулгарвал тэр нь юу болох, юунд хэрэглэдэг, яаж ажиллуулдаг, яагаад хөдөлдөг, ямар зориулалттай гэдгийг бүрэн мэдэх гэж оролдоно. Тиймээс маш олон зүйлийг асууж шалгаадаг. Хүүхдийнхээ тавьсан асуултанд эцэг эхчүүд тэвчээртэй, үнэн зөв хариулснаараа сурч мэдэх гэсэн их хүсэл чармайлттай байх эх суурийг тавина. Энэ насныхан заримдаа аюултай зүйлийг сурахыг хүсдэг. Гал яаж асаахыг, цахилгаан зуух хэрхэн ажиллуулдгийг мэдэхийг хүсч болох юм. Гэвч эцэг эх бүр хүүхдээ аюултай зүйл хийхийг зөвшөөрдөггүй учраас энэ үеэс болох болохгүй зүйл, элдэв дүрэм журмыг зааж сургах хэрэгтэй болно.
3-5 насныхан төсөөлөн бодож, дууриан тоглох дуртай. Тоглоомоор дамжуулан бусад хүний оронд өөрийгөө тавьж, тэдний мэдрэмжийг ойлгож, хуваалцах чадвартай болдог. Энэ насны хүүхэд бусдад туслах хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Жишээ нь, шал шүүрдэх, аяга угаах, хүнд юм өгөх гэх мэт. Хүүхэд бусдад тусалснаараа тухайн зүйлд суралцаж, хожим амьдралдаа хэрэг болох олон чухал дадлыг эзэмшдэг. Энэ үед эцэг эх хүүхдийн өөрийнхөө чадварт итгэх итгэлийг хөгжүүлэх нь чухал юм.
5-9 НАСНЫ ХҮҮХЭД
Энэ насны хүүхдүүд сургуульд ордог учраас амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдөж эхэлдэг. Эцэг эхчүүдийн хувьд ч мөн хамгийн хариуцлагтай он жилүүд.
Хүүхэд дараах зүйлийг хурдан хугацаанд сурах хэрэгтэй болдог.
• Эцэг эхийн туслалцаагүйгээр биеэ авч явдаг болох.
• Өөр олон хүүхэдтэй харилцаж сурах
• Ээж ааваасаа өөр олон том хүнтэй харилцаж, тэдний хүсч байгаа зүйлийг хийж чаддаг болох
• Танихгүй орчинд дасан зохицож, шинэ дэг жаяг, цагийн хуваарийг мөрдөх зэрэг орно. Хэдийгээр хүүхдүүд ижил насандаа нэгэн зэрэг сургуульд ордог ч суралцахад нэгэн адил түвшинд бэлтгэгдээгүй байдаг. Учир нь хүүхэд бүр өөр зан төлөвтэй байдаг. Гэхдээ “сайн” эсвэл “муу” гэсэн зан төлөв байдггүй, харилцан адилгүй л байдаг. Зан төлөв бол биднийг бие биеэс маань ялгаруулдаг онцлог юм.
Тэдгээр зан төлөвийн зарим нэг чухал хэлбэрүүдийн талаар авч үзье.
- Хөдөлгөөний эрчим:
• Зарим хүүхэд маш хөдөлгөөнтэй, гүйж харайж, авирч ноцож хамаг цагийг бардаг. Ийм хүүхэд хоол идэхдээ ч зүгээр сууна гэж үгүй, ямар нэг юм оролдоно.
• Харин зарим хүүхэд их тайван, хөдлөх дургүй байдаг. Ийм хүүхэд ном үзэх, эвлүүлдэг тоглоомоор наадах зэргээр удаан цагаар нэг газраа сууж цагийг өнгөрүүлдэг.
• Нөгөө хэсэг нь энэ хоёр хэв шинжийн аль алинд үл хамаарах дундаж шинжийг барьсан байдаг.
2. Хэвшмэл байдал:
• Зарим хүүхэд өглөө сэрэх, орой унтах, хооллох, бие засах зэрэг үйлдэл нь өдөр бүр бараг нэгэн цагт хийгдэж, тогтсон цагийн дэглэмд гүн орсон байдаг.
• Нөгөө хэсэг хүүхэд нэг өглөө маш эрт боссон ч маргааш нь үд хүртэл унтаж мэднэ, бас өдрийн янз бүрийн цагт өлснө.
• Бусад хүүхдийн цагийн хэмнэл дээрх хоёр бүлгийн дунджийг барьсан байдаг.
3. Шинэ нөхцөл байдалд хандах хандлага /Дасан зохицох чадвар/:
• Зарим хүүхэд шинэ нөхцөлд амархан дасч, сайн танихгүй хүүхэдтэй ажиггүйхэн хамтран тоглож, урьд өмнө очиж үзээгүй шинэ газар уруу дуртайяа явдаг.
• Тэгвэл нөгөө хэсэг нь танихгүй хүнээс бишүүрхэн холдож, шинэ найз нөхөдтэй удаан хугацааны турш дасч чаддаггүй, сайн мэдэхгүй хоол хүнс идэхээс зайлсхийж, урьд өмнө үзээгүй шинэ газар очихоос айдаг.
• Бусад хүүхдийн хувьд шиэ нөхцөлд тэр дорхноо биш боловч нэг их удахгүй дасдаг.
4. Анхаарал төвлөрөлт:
• Зарим хүүхдийн анхаарал маш амархан сарнидаг. Ийм хүүхэд ямар нэг зүйлийг харангуутаа эсвэл сонсонгуутаа анхаарлаа шилжүүлдэг. Анхаарал нь байнга өөр зүгт хандан сарнидгаас энэ хэв шинжийн хүүхэд өгөгдсөн даалгаврыг бүрэн гүйцэд хийхэд их цаг хугацаа зарцуулдаг. Гэхдээ гунигтай байх үед нь анхаарлыг нь өөр тийш хандуулахад хялбар байдаг.
• Энэ бүлгийн хүүхдүүдийн анхаарал маш тогтвортой байдаг тул хичээл сурлагадаа амжилт гаргах нь түгээмэл. Гэхдээ сэтгэл санаагаар унасан үед нь анхаарлыг нь өөр зүйлд хандуулахад хэцүү байдаг.
3 дахь бүлгийн хүүхдүүд анхаарал төвлөрөлтийн хурд дунд зэрэг байдаг.
5. Тууштай чанар:
• Зарим хүүхэд маш тууштай зан чанартай, зорьсондоо хүрэхийн тулд бүхий л арга замыг эрэлхийлдэг. Тэднийг хүссэн зүйлээ хийхийг нь болиулахаар ятгахад хэцүү.
• Нөгөө хэсэг хүүхдийн хувьд аливаа зүйлд уян хатан ханддаг, хурдан зохицдог, амархан бууж өгдөг. Сул тал нь хийж эхэлсэн зүйлээсээ амархан уйдаж, дуусгалгүй орхидог. Ийм хүүхдийн эцэг эхийн хувьд өөрсдөд нь таалагдаагүй зүйлийг хүүхэд нь хийвэл болиулахаар ятгахад амархан байдаг.
• 3 дах бүлгийн хүүхдүүдийн тууштай чанар энэ хоёр бүлгийн хүүхдүүдиийнхээс ялгаатай, дунд хавьцаа байдаг.
6. Сэтгэлийн хөдөлгөөн:
• Зарим хүүхэд үйл явдалд сэтгэлийн маш хүчтэй хөдөлгөөнөөр ханддаг. Ийм хүүхэд даам тоглоод хожигдвол, даамаа ийш тийш тараан шидэж, тэрий хадан уйлж ч мэднэ. Ийм хүүхдийн ямар сэтгэгдэлтэй байгаа, юу мэдэрч буйг эцэг эхчүүд илт мэдэрч байдаг.
• Зарим хүүхэд гадны хүчин зүйлд сэтгэл хөдлөл багатай ханддаг. Ийм хүүхэд уйтгар гунигаа дотроо хадгалдаг тул түүний юу мэдэрч байгааг мэдэхэд төвөгтэй.
•Дундаж хүүхдүүд: Эдгээр зан төлөвийн шинжүүдийн аль нь таны хүүхдэд давамгайлж байгааг ажиглана уу. Тэгээд хүүхдийнхээ зан чанарын давуу болон сул талыг жагсаан бичээрэй. Та хүүхдийнхээ зан төлөвийг тодорхойлохдоо түүнийг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Хөдөлгөөнтэй хүүхдийг томоотой болгох эсвэл хүлцэнгүй хүүхдийг зоригтой болгох гэж оролдох нь бүтэшгүй зүйл юм. Харин таны зан чанар, биеэ авч явах байдал хүүхдэд тань хүчтэй нөлөө үзүүлдэг тул эхлээд өөрийнхөө зан төлөвийн талаар бодож, өөрийгөө хүүхдийнхээ зан төлөвтэй хэрхэн зохицдог талаар эргэцүүлэх нь зүйтэй юм. Ингэснээр бид гэр бүл дэх олон маргаан зөрчлиийн учир шалтгааныг ойлгох болно. /Үргэлжлэл бий/
Эх сурвалж: Жоан Е.Дюррант “Хүмүүжлийн эерэг аргууд”
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.