Ээжүүдээ дэмжиж, ахмадууддаа боломж олгов

2017-07-3 Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт ахмадуудад зориулсан шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бол эхчүүдэд, өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг шинээр баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс нийгмийн бүлгүүдэд чиглэсэн, хүн амын хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж, хууль санаачилж буйн хоёр нь дээрх юм. Эдгээр хуулиудын хэрэгжилт, хамрах хүрээ зэрэг олон асуудалд иргэдийн зүгээс тодруулах зүйл их байгаа тул товч тайлбарыг ийнхүү өгч байгаа юм.

АЧ САНАХ АГУУЛГА БҮХИЙ ШИНЭ ХУУЛЬ

Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг анхлан “Ач санах тухай” хэмээн тодотгож байв. Уг хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиас онцлууштай олон зүйл бий. Тэр дундаа ахмадуудаа хөдөлмөр эрхлэх боломжийг төрөөс дэмжсэн явдал. Ажилд ороход насны босго тавьдаг нь мэдлэг боловсролтой, ажлын туршлага, ур чадвартай олон ахмад настанд саад болдог. Тэгвэл үүнийг шинэ хуулиар шийдвэрлэж зөвлөх үйлчилгээг бий болгон хэрэгжүүлж байна.Хуульд багтсан ч хэдийнээ хэрэгжээд эхэлсэн заалт бол “Насны хишиг” юм. Одоогоор ахмадууддаа жилд хоёр удаа насны хишиг олгож байгаа нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэж салбарын сайд хэлсэн. Н.Номтойбаяр сайд “Цаашдаа элийн засаг тогтворжиж, өсөлт гарахын хэрээр насны хишгийг улирлаар олгох, сараар олгох гээд нэмээд явахыг зорьж байгаа” гэж УИХ-ын чуулганд хэлж байлаа.

ХЭЗЭЭ ТЭТГЭВЭРТ ГАРАХАА ТА ӨӨРӨӨ СОНГОНО

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд ярианы сэдэв болсон асуудал бол тэтгэврийн насны өөрчлөлт. Энэ талаар салбарын сайд тайлбар өглөө. Тэрбээр “Тэтгэвэрт гарах насанд өөрчлөлт оруулж байгаа ч гэлээ гол нь иргэдэд сонголт бий болгож байгаа явдал юм. Эмэгтэйчүүд 30 жил, эрчүүд 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэрт гарах насаа хүлээхгүйгээр өөрөө шийддэг болж байгаа юм. Өнөөдөр 20 жил шимтгэл төлсөн иргэд 55, 60 насандаа тэтгэвэрт гарах хуультай бол дээрх сонголтыг хийснээрээ 22 насандаа ажил хийж, шимтгэл төлж эхлээд 52, 57 насандаа тэтгэвэрт гарах эрх нээгдэнэ гэсэн үг. Гэхдээ 20 жил ажиллаад 55, 60 насандаа тэтгэвэрт гарах хуучин нөхцөл маань ч хадгалагдаад явах юм. Тиймээс энэ насыг аажимдаа 60, 65 хүргэж өсгөх бодлого ч үргэлжилнэ” гэсэн юм. Мөн энэ өөрчлөлттөй холбогдуулж ахмадуудын талд шийдвэр гаргасан нэг алхам бол ажил олгогч, захиргаөны санаачилгаар ахмадуудыг тэтгэвэрт гаргадаг байдлыг халж буй юм.

ХҮН АМЫН ЦОНХ ҮЕИЙГ УРТАСГАЯ

Эх, олон хүүхэдтэй эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталж, ирэх оноос хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хуульд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдээ харж буй эхчүүд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгүүд хамаарна. Манай улсын хүн амын дунд залуучуудыэ эзлэх хувь өндөр байгаа ч энэ цонх үе тийм ч удаан үргэлжлэхгүй. Түүнчлэн шинээр төрөлт буурах хандлагатай байгаа тул төрөөс дэмжих арга хэмжээг авч эхэлсэн нь энэ юм. Тэр ч утгаараа цонх үеийг уртасгах алхам гэж тайлбарлах хүн олон байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.