“Hi кино” сэтгүүлийн анхны дугаар 2008 оны 10 дугаар сард уншигчдынхаа гарт хүрч байсан түүхтэй . Өдгөө зургаа дахь дугаар нь хэвлэгдээд байгаа бөгөөд Монголын кино урлагийн цорын ганц сэтгүүл юм. Уг сэтгүүл улиралд нэг дугаар гардаг байна. Сэтгүүлийн шинэ дугаарууд нь кинонд хайртай хүмүүс, ялангуяа кино урлагийн оюутан, залуу үеийнхэнд курсийн ажил, судалгаа хийх, эрдмийн зэрэг хамгаалахад нь гарын авлага болгон хэрэглэхэд дөхөм гэдгийг тус сэтгүүлийн эрхлэгч Б.Дарханцэцэг онцолж байлаа.
Тэрээр “Монголын сор болсон киноны түүхийг байнга давтамжтайгаар хүргэх, ахмад болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийг уншигчдад таниулж улмаар алдаршуулахыг зорьдог. Мөн төрөөс киноны салбарт хийж буй бодлого шийдвэрийг уран бүтээлчдэд хүргэхэд манай сэтгүүлийн гол зорилго оршиж байгаа билээ. Одоогийн байдлаар “Hi кино” сэтгүүлийг нэвтрүүлэг болгохоор ажиллаж байна. Аливаа улс оронд үндэсний кино урлаг бие даан хөгжихөд өндөр төвшний үйлдвэрлэл болон авьяаслаг уран бүтээлчид, кино урлагийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ тухай кино урлагийн мэргэжлийн уран бүтээлчид байнга ярьж хэлэлцдэг боловч төдийлөн биеллээ олж бие биеэ дэмжин нэгдэн нийлж чадалгүй өдийг хүрээд байгаа нь нууц биш. Тиймээс кино уран бүтээлчид маань нэг санаа зорилгод нэгдэж чадсанаар хийж байгаа зүйлийнхээ эцсийн цэгт хүрч улмаар Монгол кино урлаг Дэлхийд нэртэй, данстай болохоос гадна уран бүтээлчид маань олон улсад хүндлэгдсэн хүмүүс болж чадна гэдэгт би эргэлздэггүй. “Hi кино” сэтгүүлийг кино урлагийн нэгээхэн хэсэг болоход урлаг хэмээн дэмжиж хамтран ажилласан “Монгол Контент”, “Монголын кино урлагийн академи”-ийн хамт олон болон бусад уран бүтээлчиддээ талархал илэрхийлье” гэсэн юм.
Уг сэтгүүлд дэлхийн кино урлагийн чиг хандлага, сонирхолтой мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэлүүд байдгаараа онцлог юм. Үнийн хувьд арван мянган төгрөгөөр номын сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа аж.