Н.Тэгшбаяр: Зи даргын үе өнгөрсөн шүү

2017-02-13 Нам хөдөлгөөний амьдрал

Энэ удаагийнхаа зочноор АН-ын гишүүн Н.Тэгшбаярыг урьж, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явц болон өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон намынх нь VII их хурлын эргэн тойрон дахь сонин сайхнаас хөөрөлдлөө. 

-АН-ын түүхэнд бас нэгэн шинэ хуудас эргэж, албан ёсоор шинэ даргаа батламжлав. Мөн намын бодлогын хорооны сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох, намын хяналтын болон сонгуулийн байгууллагуудыг яаж байгуулах гэхчлэнгээр бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Намын их хурлын үр дүнгийн талаар тодруулна уу?

-Намын их хурал болж өндөрлөж, С.Эрдэнэ дарга батламжаа гардан авсан. Мөн хурлаар намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болсон. Тэр ч утгаараа өмнө нь дүүрэг болгонд энэ хэлэлцүүлгийг хийсэн байсан.

-Ажиглах нь ээ, дүрмийн хэлэлцүүлгүүд нэлээн халуухан уур амьсгалтай, ширүүн шүүмжлэл дунд өрнөх шиг болсон?

-Нам гэдэг амьд организмтай л адилхан. Намын дотоод сонгуулиас илүү УИХ-ын сонгуульд ялагдсаны дараах санал, шүүмжлэл их өрнөж байна. УИХ-д яагаад ялагдчихав. Яагаад цөөнх болчихов. УИХ-д цөөнх болчихоор доод шатандаа ч мөн цөөнх болох магадлал өндөр болдог юм байна. Ер нь манай нам 1996 онд олонхи болж чадаагүй нэг суудал дутаж байсан. О.Дашбалбар гуай нэг суудал дээр савлуулдаг байсан үе. Сүүлийн 26 жил АН өнөөдрийн 65 шиг олонхи болж чадаагүй. Ийм л зовлонг туулж ирж. Гэхдээ 65 шиг олонхи болж чадвал АН их зүйл хийж чадна гэж найдаж байна. Цөөнх байсан ч гэсэн манай нам олон зүйлийг хийж чадсан. Хэрэв “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжсэн бол аштай юу даа. “Сайн хашаа”-гаар дамжуулж, цахилгаанаар халаах, гэрийг нь байшин болгох гэхчлэнгээр урт хугацааны ажил явж байсан. Даана ч зогсоочихлоо.

-Нэг хэсэг энэ тухай их ярьсан л даа. “Сайн” бүхнийг зогсоолоо гээд?

-Тийм шүү. Наад зах нь гэхэд л, ТҮЦ машиныг тасралтгүй ажиллуулаад явах л ёстой. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх учиртай. Ямар нам гарах нь чухал биш. Харин сайн зүйлийг үргэлжлүүлээд явах учиртай. Саар зүйлийг нь засч залруулаад ажиллах ёстой юм, уг нь. Гэтэл сайн, муугүй арчаад хаячихдаг. Жишээлбэл, би Геологийн төв лабораторийн дарга байсан. Тухайн үед лав нэг ч ажилтан халаагүй. Захиргааны санаачилгаар. Гэтэл одоо хараад байхад сайн мэргэжилтэн байсан ч халж л байдаг. Муу мэргэжилтэн байсан ч халж л байх юм. Яасан гэхээр “АН-ын даргын үед ажиллаж байсан” гэх маягаар асуудалд ханддаг болж. Үнэн хэрэгтээ монгол хүн юм байгаа биз дээ. Монгол Улсад амьдарч байгаа. Монгол төрд ажиллаж байгаа болохоос биш тухайн хүний хувийн компанид ажиллаагүй. Бүх газар ийм байна. Халаа, сэлгээ явж байна. Аа, яах уу. Зарчмын хувьд дарга ирвэл ерөнхий нягтлан нь солигддог, эсвэл жолооч солигддог байж болох. Харин ажлаа хийж яваа хүмүүсийг оролдоод байх хэрэггүй л дээ.

-АН-ын дарга сонгогдчихлоо. Тиймээс намын хэтийн төлөв, ирэх жилүүдийн өнгийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Намын даргын сунгаа нийт гишүүдээс АН-ын дарга хэн болох вэ гэж асууж байгаа нь том дэвшил. Энэ бол улс төрийн соёл, шинэ үзэгдэл. Үүнийг бий болгож байгаагаараа АН нийгэмд сайн зүйл авчирч байгаа юм. Одоо дараагийн сонгуульд АН ялах, 2020 онд ялахын тухай л ярихаас биш намын дарга руу ноцоод байх юм байхгүй. Энэ сонгууль их давуу талтай болсон. С.Эрдэнэ даргын дараагийн үе Л.Гантөмөр, Ж.Батзандан гээд залуус байна гэдгийг ард түмэнд таниулж өглөө. Мэдээж цаг хугацаа, туршлага гээд олон зүйлээс шалтгаалдаг хойно. Залуучууд ялсангүй гээд ах нарын нүүр рүү өндөг шидэх хэрэггүй. Залуучууд ялаагүй, гараагүй юм чинь. Гарах түвшинд ажиллаж, сурах хэрэгтэй. Сайныг нь сурч, саараас нь татгалзаад явах хэрэгтэй. Би хувьдаа шинэ үе гарч ирээсэй гэж бодож байсан. Харин ахмад үе нь бодлогын хувьд ч, насны хувьд ч туршлагатай залуучууддаа алдаа, оноогоо зөвлөж заагаад яваасай гэж байгаа болохоос биш энэ нөхдүүдийг зайлуул гэж хэлээгүй. Гэтэл ийм санаа хэлэхээр “Намайг зайл” гэлээ гээд зарим хүн цахим орчинд барьж идчих гээд байх юм. Ядаж гуравхан, за таван үгтэй өгүүлбэрийг бүрэн уншчихаад дайрмаар юм. Би өмнө буюу одоо ч хэлж байна. “Идэр залуус нь ачаа үүрээд, ахмадууд нь зөвлөхөө хийгээд алдаа, оноогоо хэлээд үлгэр дуурайлал болоод гурван үеийн зөв хэлхээсийг бий болгох ёстой” гэж. Тэгж байж л ахмад, дунд, залуу үеийн хэлхээсийг бий болгож чадна. Манай намд олон сайхан залуучууд бий шүү. Миний хувьд Чингэлтэй дүүргийг төлөөлж Их хуралд оролцсон.

-Намын даргын сунгааны өмнөхөн “З.Энхболдыг шүүхэд өгнө” гээд хэвлэлийн хурал хийгээд сууж байсныг чинь харсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ хүн надад муу юм хийгээгүй л дээ, хөөрхий. Гэхдээ их зарчимгүй байсаар намаа ялагдуулж, муухай харагдуулаад байгаа болохоор хэлэхээс өөр аргагүй. З.Энхболд хүмүүст их шударга харагддаг хүн. Ухаантай юм шиг ярина. Шударга харагдана. Зүй нь би хэрвээ намын дарга байж байгаад ялагдсан бол тэр өдрөө хурал хийж, тамгаа өгчихөөд явчих байсан. Гэтэл Зи-гийн хувьд унжраад, заваараад. Монгол хүний сайхан сэтгэлээр их тоглож байна шүү дээ. Тэрбээр УИХ-ын дарга байхдаа хүссэн шийдвэрээ гаргуулж, хүссэн юмаа хийдэг байсан. Дээр нь нэг асуудалд хоёр өөр байр сууринаас дандаа ханддаг. Алдаагаа бусдаас хайдаг. АН сонгуульд ялагдсан нь С.Баярцогтын буруу, АН ялагдсан нь МАН-ын буруу гэх жишээний. З.Энхболд өөрөө өндөг шиг өөгүй гэнэ. Хүмүүс хэлдэг, “Чи УИХ-ын дарга байхад нь хэлэхгүй яасан юм бэ” гээд. Би тухай бүрт нь хэлж байсан. Миний өгсөн ярилцлагууд байж л байна. Тэр хүн эрх мэдэлтэй байхдаа хүн болгоныг хадаасны толгой шиг санаж алхаар цохиж байсан үе нь өнгөрсөн гэж.

-АН-ын дүрмийн шинэчлэлд намын гишүүний хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ингэснээр өмнөх Үндэсний зөвлөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй боллоо. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Үндэсний бодлогын хороогоор томилохоор болсон. Ер нь аливаа шийдвэр гаргахад алдаа оноо гэж бий. Алдаа, оноогоо намд хэлнэ гэдэг санах ой. Үндэсний зөвлөлдөх хороо худлаа зөвлөлдөөд байдгаа болъё. Бодлого гаргадаг байя гэхчлэнгээр намын шинэ дүрмэнд тусгасан. Эхлээд намын системийг угсрах нь зөв юм байна. Гэхдээ том агуулгаар манай нам шинэчлэлийн зүг зөв замаар явж байна гэдэгт итгэж сууна. Намын дүрмийн шинэчлэлээр намын даргыг сунгаагаар тодруулчихлаа. Хамгийн гол нь дүүргийн намын дарга, УИХ, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг  сунгаагаар тодруулна, тэр дунд гишүүдийн саналаар тодруулна гэдэг маш чухал шүү.

-Гэхдээ ажиглагчид намын шинэчлэлийн явцыг удаан байна гэх шүүмжлэл бий?

-Аливаа шинэчлэл, өөрчлөлт удаан байдаг шүү дээ. Нэг өдөр шинэчлэл хийе гэж хашгираад болчихдог юм биш. Маш олон хүний хүч хөдөлмөр, хугацаа, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл, нийгмийн хэрэгцээ шаардлага бүгд нийлж байж шинэчлэл явагдана.

-Иргэн хүний чинь хувиар эдийн засгийн өнөөгийн байдлыг асуухгүй өнгөрч болохгүй нь, уучлаарай. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс манай улс яаж гарах ёстой юм бол?

-Манайх төрд ч бай, хувьд ч бай урт хугацааны тогтвортой харилцаа хамтын ажиллагаа гэдэг юмаа хийж чадахгүй бол хямарсаар л байх болно. Гадны хөрөнгө оруулагч ирээд нэг дарга, мэргэжилтэнтэй нь ажлаа яриад явдаг. Жилийн дараа гэхэд  нөгөө ярьсан юм нь байхгүй. Дахиад шинээр ярих болдог. Шаварт суухаар хий эргэдэгтэй л адилхан амьдарч байна, монголын эдийн засаг.

-Эдийн засгийн хямралаас гарах “энгийн арга” хандив цуглуулах гээд Гавъяат эдийн засагч нь ярьчихлаа. Энэ ер нь хэр оновчтой алхам юм бол?

-Иймэрхүү тэнэглэлээ больчихооч дээ. Бонд төлөх гэж Монгол Улс хандив цуглуулж болохгүй. Бондыг авсан эзэн нь байгаа биз дээ. МАН, АН-гүй. Аль намын гишүүн авсан нь гол биш. Бонд авсан эзэд нь төл, төлж чадахгүй бол барьцаанд тавьсан юмыг нь хурааж ав, тийм үү. Тэгэхгүйгээр нэг олигархи зээл аваад төлөхгүй болохоор Гавъяат эдийн засагч нь 10 сая төгрөг өгөөд сууж болохгүй биз дээ. Хэрэв би Гавъяат эдийн засагч байсан бол улс орны эдийн засгийг ингэж авч явна гэсэн шийдэл хэлэх байсан. Яаж Гавъяат болсон юм бол доо, уучлаарай. Сэтгэл нь сайхан юм. Ард түмэн баярлах ёстой.

-Засгийн газрын 200 хоног болсон. АН-ынхны хувьд МАН 200 хоногт  юу хийв гэсэн хариулт эрэлхийлсэн. Таны хувьд МАН-ын 200 хоногт ямар дүн тавих вэ?

-Би багш байсан бол муу тавина. Ийм л байна. Сөрөг хүчин байхад шүүмжилж л байдаг. МАН сөрөг хүчин байхдаа АН-ыг хангалттай муулж, доош нь чихсэн. Өнөөх шилэн данс нь яасан юм бэ. Ил тод байна гэсэн нь яасан юм бэ. Нөгөө давхар дээлээ яасан юм бэ. Урд нь ч, одоо ч тэр дэд сайд нь байна л биз дээ. Сайд нь байхгүй бол ажлыг нь хийгээ л биз. Арван залуу дэд сайд хийснээр Монгол Улсын төсөв муудчихгүй. Гэтэл дэд сайдынхаа суудлыг татан буулга гээд л. Миний хувьд, давхар дээлийг тийм ч муу зүйл гэж анхнаасаа харж байгаагүй.

-Яагаад тэр вэ?

-Яах уу дээ. Иргэдийн саналыг аваад сонгогдчихсон хүн сайд хийгээ л биз. Зарим нь 5, 6, 7 давхар дээл өмсчихсөн л явж байна. Гэтэл “Тийм юм байж болохгүй” гэж хэлчихээд тийм юмаа өөрөө хийгээд явж байгаа нь улс төрийн соёлгүйн шинж. Дэд сайд байна л биз дээ.

-Улс төрийн соёлгүйн шинж гэлээ. Яг үнэндээ манай нийгэмд улс төрийн соёлтой нам гэж байна уу?

-Байх ёстой шүү дээ. Залуучууд улс төрийн соёлыг бий болгох ёстой.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.