Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

Өчигдөр Нийслэл

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргажээ. Түүнчлэн машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд оруулсан байна.

Мөн энэ өдрүүдэд хаврын шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг холбогдох газруудад танилцуулж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Өвөл халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг нийслэл, дүүргээс уялдаа холбоотой, шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр мастер төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд, үерийн далан буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж болон авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гуравт, хөрсний уснаас хамгаалах чиглэлээр үе шаттай төлөвлөлтийг 2040 он хүртэл цогцоор нь хэрэгжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. Мөн ГУББГ-аас газар чөлөөлөлт, трасс төлөвлөлт зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулж, батлуулах ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.