Угаартаж амиа алдсан зургаан хүн болон үлдэж хоцорсон хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 23-ны шөнө болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр энэхүү үйл явдлын эргэн тойронд болж буй асуудлаар салбарын сайдын хувьд мэдээлэл хийж байна. Энэхүү үйл явдлын хохирогч Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж байсан, хариуцлагатай, сайн дайчин байлдагч юм. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд, онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Энэхүү эмгэнэлтэй хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын хувьд, “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай холбоотой болон 2018-2024 онд удирдлага, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд холбогдох гэрээний биелэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд тус компанийн 29 нэр төрлийн химийн бодис болон түүхий эдэд мэргэжлийн байгууллагаар холбогдох шинжилгээг хийлгэж байгаа. Үүнд, барьцалдуудагч буюу цардуултай холбоотой асуудлыг шалгаж байна. Хэрвээ шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрвэл хуулийн дагуу хариуцлага тооцно.
Энд нэг зүйлийг онцлоход, зөвхөн өнгөрөгч 23-ны өдөр гарсан энэхүү хэрэгтэй холбоотойгоор бус өөр эрдэнэт хүний амь нас хохирсон хэрэг гарч байгаа учраас шалгалт явуулж байна.
Дараагийн тодруулах асуудал бол өчигдөр 21.00 цагийн орчимд хохирогчдын хувийн эмзэг байдлыг агуулсан мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хувь хүний нууцад халдсан, задруулсан бол 5 хүртэлх жилийн ялтай. Энэ мэдээлэлд дурдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим зүйл нь үнэнтэй нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Ийм зүйл хийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье. Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэг эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байна” гэлээ.
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
2025-02-18
87556
31096
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.