Хүн нь хөгжсөн, хөрөнгө оруулалт цалгисан улс хил хязгаараас алдуурдаг

2024-12-8 slider


Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөх нь бидний өмнө тавигдсан хамгийн том зорилт, бас сорилт билээ. Дэлхий дахинд хөгжлийн хурд цаг минутаар хэмжигдэж, улс гүрнүүдийн хүчирхэг байдал улам бэхжиж, олон сая хүний амьдралын чанар сайжирч байгаа энэ өрсөлдөөнт цаг үед монголчууд ч бас уг “галт тэрэг”-нээс хоцрох ёсгүй. Тийм ч учраас өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж олон бизнес эрхлэгч, судлаач, эдийн засагч, хөрөнгө оруулагч тэргүүтэнтэй уулзаж байх үед ажиглаж, ойлгож, мэдэрсэн хоёр зүйлийг гол болгон уг нийтлэлээр хөндөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөх олон арга зам, нөхцөл боломж, хөндөх ёстой хэдэн зуун сэдэв бий ч дараах хоёр агуулгыг онцлон сорчилъя.

Хүнээ хөгжүүлэх нь №1

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ирэх дөрвөн жилд Засгийн газраас 14 мега төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хамгийн их тулгамдсан бэрхшээл нь хүний нөөцийн дутагдал” хэмээн Монголын хөдөлмөрийн зах зээлийн 2024 оны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хэлсэн. Түүнчлэн, орон нутгийн сонгуулийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилд нийслэлд 30 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг засгаас хийх тухай илэрхийлсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийслэлд нийт дүнгээр 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг аж. Тэгвэл үүнийг бараг гурав нугалсантай дүйх хөрөнгө оруулалтыг дөрөвхөн жилд нийслэл рүү “цутгана” гэхээр асар их бүтээн байгуулалт, “мега” төслүүд хэрэгжих нь ээ.

Нөгөө талд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийн талаар 2023 оны ээлжит судалгааг танилцуулах үеэр “Ямар ч компанид чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөц хамгийн чухал болсон” хэмээн санаа зовнино хэлж байв. Өөрөөр хэлбэл, бид төр засгийн бодлого шийдвэр тогтворгүй байх, татварын дарамт, санхүүжилтийн хязгаарлагдмал байдал, хүнд суртал, авлига зэрэг нь аж ахуй нэгжүүдийн өмнө тулгарсан хамгийн том бэрхшээл байх хэмээн ойлгож ирсэн. Гэтэл энэ бүхнээс илүү итгэл дааж, тогтвортой, чадварлаг ажиллах хүнгүй болж байгаа нь бизнесийн салбарыг донсолгож байна. Энэ байдал 2030 он гэхэд улам даамжирна. Ялангуяа, мэдээллийн технологийн салбар, гарааны бизнес эрхлэгчдэд ажиллах хүн олдохгүй байгаа нь ирээдүйг “хар дарсан зүүд” болгож байна.

Энэ бүхнээс дүгнэвэл, төрийн алба, хувийн хэвшилд ч ялгаагүй боловсон хүчин хамгийн тулгамдсан асуудал болж ирлээ. Боловсролын салбарт 4000 багш “сох” дутаж, хувийн хэвшилд ажиллах хүнгүйгээс болж бизнес нь саатах үзэгдэл гарсаар байна.

Тийм ч учраас эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгохын тулд нэгдүгээрт эрэмбэлж анхаарах шаардлагатай асуудал нь хүнээ хөгжүүлэх явдал болжээ. Үүнийг зөвхөн залууст диплом өвөртлүүлснээр шийдвэрлэж чадахгүй. Харин бага, дунд боловсрол эзэмшихээс эхлээд хөдөлмөрийн зах зээл дээр гарах хүртэлх хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр чадвартай иргэн төрөн гарна.

Сингапур хүнээ хөгжүүлж амжилтад хүрсэн

Улс орны хөгжил дэвшил хүний хөгжил дээр тогтдог. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжих боломж нээгддэг гэдгийг хамгийн тод томруун харуулж яваа улсын нэг бол Сингапур. Тийм ч учраас тус улсын жишээг гол болгож хүнээ хөгжүүлэх асуудал ямар чухал болохыг тодорхой баримттай илэрхийлэхийг зорилоо. Сингапур улс байгалийн баялаг гэх зүйлгүй. Цэвэр усны нөөцгүй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 176 дугаарт эрэмбэлэгддэг. Манай улсаас 2000 дахин жижиг газар нутагтай. Гэвч уг “сул дорой” улсын иргэд дэлхийд хамгийн өндөр цалин орлоготой, тансаг хэрэглээтэй. Сингапур хүний хийж буй ажил үргэлж хамгийн чухал, хариуцлагатай, өндөр үнэлэмжтэйд тооцогддог. Тодруулбал, Сингапур улс зөвхөн асар өндөр нэмүү өртөг шингэсэн чип тэргүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Эндээс харвал тус улс иргэнээ жинхэнэ баялаг болгож хөгжүүлж чадсанаар байгалийн баялаггүй, газар нутаг багатай, сул дорой байдлаа ялан дийлж, тогтвортой өсөлтийг бий болгож чадсан байна.

Тэгвэл тус улс хүнээ хэрхэн хөгжүүлсэн бэ. Уг асуултад хариулт олох зорилгоор Сингапур улсад ерөнхий боловсролын болон их сургуульд суралцаж, улмаар бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаад ирж дэлхийгээс шүүрсэн мэдлэг, туршлагаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулж яваа Б.Тэмүүлэнтэй ярилцсан юм.

Тэрбээр “Сингапурт боловсролыг маш системтэй олгодог. Сингапур хүн ийм байх ёстой гэсэн замын зураглалыг нь боловсролын системээр бий болгоод өгчихсөн байдаг гэж ойлгож болно. Сургуулийн өмнөх боловсролд тоо бодож, үсэг үзэх гэхээс илүү сингапур хүн ямар байх тал дээр анхаарсан байдаг. Бие биеэ хүндэлдэг, хог хаядаггүй гэх мэт. Дунд сургуулиас ур чадвар буюу тоо бодлоо гэхэд хүрээлэн буй орчин, нийгмийн асуудалтай нь холбох байдлаар явдаг. Ахлах анги руу ороод ирэхээр мэргэжил рүү нь хандуулсан сургалтын хөтөлбөрийг судалдаг.

Энэ мэтээр ерөөсөө сингапур хүн гэж ямар шалгуур, түвшинд хүрсэн байх ёстой, үүний тулд хэрхэн өсөж хөгжих замыг тодорхой болгоод шат шатанд нь хөгжүүлээд явчихдаг. Ингээд боловсрол мэдлэг, ёс зүй, сахилга бат, зорилго тэмүүлэл, эх оронч байдал зэрэг бүх л зүйлээрээ бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр маш хүчтэй өрсөлдөгч болж гарч ирнэ гэсэн үг” хэмээн ярьсан. Энэ бол сүүлд бий болсон төлөвшил хандлага юм. Харин анх яаж хүнээ хөгжүүлэхэд анхаарсан тухай сонирхолтой баримтыг тэрбээр дурдсан.

Анх 1980-аад онд Сингапурт манайхаар бол Гадаадын хөрөнгө оруулалтын газартай ижил үүрэг бүхий төрийн байгууллагын албан хаагч нараа олон улсын томоохон компаниуд руу уйгагүй илгээх болжээ. Тэд “Манайд ирж үйлдвэрээ бариач ээ, манай хүмүүсийг чадавхжуулаач ээ, хамтран ажиллая. Бид маш хөнгөлөлттэй нөхцөлийг та бүхэнд санал болгоё” гэх үгийг тоть мэт давтсан. Үүний үр дүнд дэлхийн том компаниуд Сингапурт хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн, сингапур хүнийг бүх түвшинд ажиллуулах тохироотой. Удалгүй 10 гаруй жилийн дараагаас эхлээд сингапур хүмүүс дэлхийн хүчирхэг компаниудын туршлага, ноу хау, мэдлэг, ур чадварыг биедээ суулгаж авсан байна. Уг бодлогын гол санаа нь хүн арддаа том ноу хауг нутагшуулан суулгаж үлдэх явдал байжээ. Улмаар сингапур хүмүүс уг мэдлэг туршлагад тулгуурлаж компани байгуулах, үйлдвэрлэл эрхлэх, олон улсад мэдлэг чадвараа зарах зэргээр хөгжиж, жинхэнэ эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох гол баялаг болсон байдаг.

Сингапурын бодлого бас “зэвүүн”. Хүнээ сургаж, ноу хауг нь нутагшуулсны дараагаар газар нутаг жижигтэй гэдэг шалтгаанаар визнийхээ бодлогыг маш хатуу болгож эхэлсэн байдаг. Ингэснээр Сингапурт бизнесээ нээсэн том компаниудад хоёр сонголт тулгарчээ. Эхнийх нь тус улс дахь бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох. Хоёр дахь нь визний хатуу бодлогоос болж Сингапурт оршин суухад төвөгтэй тул үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаагаа сингапур хүнээр удирдуулаад үргэлжлүүлэн ажиллуулах явдал байжээ. Бараг бүх компани тогтсон бизнесээ зогсоохыг хүсээгүй. Тиймээс хоёр дахь сонголтыг хийсэн байна. Ингэснээр сингапурчууд банк санхүү, мэдээллийн технологи зэрэг маш олон салбарт тэргүүлэх байр суурийг эзлэж эхэлсэн байна. Улмаар өндөр ажлын “местэнд” хойч үеэ бэлдэхийн тулд эхэнд өгүүлсэн буюу бага байхаас нь эхэлж боловсролыг маш нийцтэй байдлаар чанартай олгож, төлөвшүүлэх болжээ.

Хөрөнгө оруулалтыг урин дуудах нь №2

Эдийн засгийг тогтвортой өсгөх дараагийн чухал алхам нь дээрх хүний хөгжилтэй мөн л уялдана. Өөрөөр хэлбэл, бид дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгдэх өндөр IQ-тай ч гэсэн тогоон дотроо байгаад байвал хөгжихгүй. Хүнээ хөгжүүлэхийн тулд дэлхийн шилдгүүдээс суралцах ёстой, тэдэнтэй хамтарч ажиллах учиртай. Монголчууд нийтээрээ дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвартай болоод ирвэл улс орон хөгжихөд тийм ч хэцүү биш. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудах тал дээр бодлогын томоохон алхмуудыг хийх шаардлагатай юм. Үүнд Хятадын нэгэн жишээг дурдъя.

Урд хөршийн маш загварлаг цахилгаан автомашинууд Монголын зах зээлд нэвтэрч байгааг бид мэднэ. Үнэндээ Хятад улс цахилгаан машин үйлдвэрлэл, борлуулалтаар дэлхийд тэргүүлж байна. 2023 онд тус улс 6.68 сая ширхэг цахилгаан машин борлуулсан нь дэлхийн нийт зах зээлийн 67 хувийг хангажээ. Мөн батарей үйлдвэрлэлд тэргүүлэгч.

Тэгвэл тус улс уг зах зээлд тэргүүлэхэд яг ямар алхмыг хийсэн бэ. Энэ нь 1999 оноос эхтэй. Тус онд АНУ-ын “Тесла” компани Шанхайд үйлдвэрээ нээж байжээ. Хятад анх “Тесла”-д үйлдвэрээ барихыг хүсэж, маш олон амлалтыг өгсөн байдаг. Тухайлбал, Хятадын засгийн газраас “Тесла” компанид 50 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон. Мөн Хятадын банкнууд 521 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Үүнээс гадна санхүүгийн хэдэн арван сая долларын дэмжлэг, татварын хөнгөлөлтүүдийг үзүүлсээр ирсэн байдаг. Энэ мэт олон хөнгөлөлт, “бялдуучлал”-ыг харсан зарим хүн тухайн үед Америкаас хөрөнгө оруулалт татахын тулд шалдаа бууж байна даа хэмээн тохуурхангуй ярьж байсан гэдэг. Мэдээж дэлхийн зах зээл дээр асар том өрсөлдөгч хоёр гүрний хувьд “Тесла”-г царайчилсан энэ үйлдэл нь нэр нүүрээ барсан гэмээр үйл явдал байв.

Гэтэл өнөөдөр Хятад улс цахилгаан машин үйлдвэрлэлийг базаж байна. Автомашины батарей үйлдвэрлэл, үүнтэй уялдсан эрдэс бүтээгдэхүүний олборлолт, боловсруулалт 90 хувь Хятадаас хамааралтай. Дэлхийн цахилгаан автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч топ 10 улсын 6 нь батарей нийлүүлэлтийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай байна. Уг салбарт хамгийн шилдэг мэргэжилтнүүд Хятадад бий. Харин АНУ араас нь нэхэж буй.

Эндээс дэлхийн мэдлэг, туршлага, ноу хауг шүүрдэн авахын тулд оновчтой хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих нь ихээхэн чухал болох нь харагдаж байна. Илүү нэмүү өртөг шингэсэн, орчин үеийн технологийн дэвшил, ур чадварыг цогцлоосон үйлдвэрлэл бүхий гадаадын хөрөнгө оруулалтыг нутагшуулах нь хүнээ хөгжүүлж, хөрөнгө даллах хамгийн оновчтой арга зам юм.

Хөгжил дэвшил хил хязгаарыг үгүй хийнэ

Хөрөнгө оруулалт цэцэглэж үйлдвэрлэл хөгжсөн, хүн нь дэлхийн жишигт хүрч боловсрон туршлагажсан улс оронд хил хязгаар гэж үгүй. Бид уг боломжийг бүрдүүлж байж хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан хязгаарлагдмал байдлаас эрх чөлөө рүү тэмүүлж чадна. Энэ жил урд хөрш манайхаас хэчнээн тонн нүүрс авах бол хэмээн санаа зовнохио болино. Хойд хөрш шатахууны нийлүүлэлтээ багасгавал улсаараа явгарна даа хэмээн эмээхээ зогсооно. Эдийн засгийн тогтвортой өсөлт, бас дархлааг хүнээ хөгжүүлж, оновчтой хөрөнгө оруулалтыг урин дуудаж байж авчрах болно. Өмнөд Солонгос хүн амын өсөлтөө дэмжиж, ирээдүйд ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэхийн тулд төрөлтийг аль чадлаараа дэмжиж байна. Дөрвөн хүүхэдтэй бол тэнд сардаа 10 хүртэл сая воны тэтгэмж аваад, үүдэнд хүүхдээ гаргаж өгөөд цэцэрлэг, сургууль руу нь зөөлгүүлж болно. Энэ мэт “эмзэг” байдалд орсон улс оронтой харьцуулахад манай улс хамгийн том баялаг болох залуусаар халгин цалгиж байна.

Г.БАТЗОРИГ

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.