Б.Түмэндэлгэр: Малчид маань сүүний компаниудтай гэрээ хийж, бүтээгдэхүүнээ жижиг хөргүүрээр зөөвөрлөх боломж бүрдэнэ

Өчигдөр Uncategorized


Сум орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэргэдээс нь тольдож, бодит үнэлэлт дүгнэлт хийдэг мэргэжилтнүүд бол анхан шатны нэгжийнхэн байдаг. Тэд малчид, тариаланчдынхаа дуу хоолойг аймаг, сумдын холбогдох шатанд хүргэж, төрд гүүр болон ажилладаг. Тэдний төлөөлөл болсон Угтаалцайдам сумын Талын-Уул нэгдүгээр багийн даргатай цөөн хором хөөрөлдсөн юм.

-Сайхан намаржиж байна уу, танай сум орон нутагт намрын ажил ид бужигнаж байгаа харагдана. Танайхан өвөлдөө бэлэн үү?

-Малчид, тариаланчид маань намрын ажилдаа гарцгаагаад их завгүй байцгаана. Атарчдын өлгий болсон манай сумын тухайд, улаанбуудай, төмс, гол нэрийн зарим хүнсний ногоо тариалан орон нутгийн хэрэгцээнд хэрэглэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжийг эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг. Жилд дунджаар 22 мянган тонн өвс бэлтгэн иргэд, малчдад нийлүүлдэг. Тэр утгаараа намрын ажил жинхэнэ утгаараа ундардаг даа.

-Нийт нутгаар өнгөрөгч өвөл нэлээд ширүүхэн болсон. Танай сум орон нутгийн хувьд, ямархуу байв?

-Тун хүнд байсан. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээс эхлэн цас их хэмжээгээр орж, нэгээс хоёрдугаар сар хүртэл ямар ч зам харгуйгүй болж, цасанд боогдон малчидтайгаа харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй болж эхэлсэн. Зарим малчид маань өвс тэжээл, түлшгүй болсон. Тиймээс аймгийн Тамгын газрын залуусын хамт гурван чиглэлд, манай баг хоёр чиглэлийн нийт 145 өрхийн 580 км зам гаргаж ажилласан. Малчид маань ч маш их баярлаж, талархалтай байсан.

-Тун удахгүй холбогдох шатны сонгууль болно. Нэр дэвшиж буй хүмүүсээс хэнийг илүүтэй дэмжиж байна вэ?

-Ц.Энхболд даргыг их дэмжиж байгаа. Тэрбээр 2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нутаг орны ажлыг их урагшлуулсан. Түүний хийж эхлүүлсэн бүтээн байгуулалтууд өнөөдөр ажил хэрэг болж, үр шимээ өгч эхэллээ. Тухайлбал, цэцэрлэгийн байрны асуудлыг 100 хувь шийдвэрлүүлж, өнөөдөр хүүхдүүд маань стандартын шаардлага хангасан шинэхэн байрандаа сурч, хүмүүжиж байна. Мөн 100 хүүхдийн инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдвэрлэсэн боловсон нойл, халуун, хүйтэн устай сургуулийн хүүхдийн шинэхэн дотуурын байртай болсон. Малчид, тариаланч бид үр хүүхдээ аюулгүй, дулаахан, ая тухтай байранд суулгахад ядаж сэтгэл тайван урдах ажлаа хийнэ шүү дээ. Өмнө нь хүйтэн нойтон, хөгц үнэртсэн хэцүүхэн л орчинд хүүхдүүд маань сууцгаадаг байлаа.

Түүнчлэн олон жилийн мөрөөдөл болсон хатуу хучилттай, дөрвөн сумыг холбосон 122.4 км замын ажил 80 хувьтай явж байна. Энэхүү зам ашиглалтад орсноор зөвхөн манай сум төдийгүй Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган болон баруун, зүүн аймагтай холбогдох хөгжлийн гарц нээгдэнэ гэж харж байгаа. Мөн төв замаас Атар хүртэл 100 км. Атараас Угтаалцайдам сум хүртэл 45 км хатуу хучилттай авто зам нь Цээл, Хөтөл, Эрдэнэт, Дархан-Уул аймагтай холбогдоно. Наанадаж л энэ замаар малчид маань сүүний компаниудтай гэрээ хийж, сүү болон сүүн бүтээгдэхүүнээ жижиг хөргүүрээр зөөвөрлөх боломжтой болно.

-Танай баг чинь үүрэн холбооны сүлжээтэй, энэ тэнд тархан амьдардаг малчид, тариаланчдад хоорондоо хэл ам авалцахад амар болжээ?

-Тийм шүү. Эрс тэс уур амьсгалтай, цаг уурын бэрхшээлийг сөрж ажиллаж, амьдардаг хүмүүсийн хувьд, харилцаа холбоо хамгийн чухал. Бас л Ц.Энхболд маань холбогдох газруудтай холбогдож хөөцөлдсний үр дүнд 250 сая төгрөгийн өртөгөөр Жи-Мобайлын сүлжээ оруулж өгсөн.

-Таны хувьд, багийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ямар ямар ажил амжуулав?

-Малчид, тариаланчдынхаа хүсэлтээр мал угаалгын газар болон хоёр худаг ашиглалтад оруулсан. Мөн багийн төв маань байртай боллоо. Тус байр нь ямар ч гэрэлтүүлэггүй, албан ёсны бичиг баримтгүй, цахилгаанаар хангах боломжгүй тийм газар байсан. Одоо үйл ажиллагаа явуулахад бүх талаар хангагдсан таатай орчинтой болсон.

-Танай багт “Хоршоо” хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

-МАН-аас санаачлан хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн манай суманд хэрэгжиж эхэлсэн. Одоогоор манай суманд дөрвөн хоршоо үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Эдгээр хоршоо нь 50 гаруй гишүүнтэй болсон. Тухайлбал, “Тольт гурван хярт” хоршоо маань арьс шир элдэх тоног төхөөрөмжтэй болж, ажил нь урагштай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.