Сонгогчдод мөнгө, эд зүйл тараавал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана

2024-05-7 Энэ 7 хоногийн онцлох

УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон бөгөөд уг сонгууль оролцох улс төрийн нам, эвслүүд батламжаа гараад буй.

Тэгвэл энэхүү сонгуультай холбоотойгоор дараах зөрчил гаргахгүй байхыг Сонгуулийн ерөнхий хорооноос анхааруулж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны зургадугаар сарын 28-ний өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хоригложээ.

-Мөнгө эд зүйл тараах, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,

-Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх,

-Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах,

-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,

-Хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах,

-Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж, ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх,

-Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах зэргийг хориглож байна.

Хэрэв дээр дурдсан зөрчил гаргасан нь эрхий бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа дээрх зөрчил гарвал нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах болохыг анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.