Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон.
Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.
Мөн бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төвлөсөн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг ирэх наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.
Улаанбаатар хот 1450 км хатуу хучилттай авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн.
Нийслэлийн дотоодын үнэт цаасыг 15-16.5 хувийн хүүтэй байхаар төлөвлөж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.