Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа, тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг албан тушаалтнуудад үүрэг болгов.
Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөхийг даалгалаа. Автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм.
Түүнчлэн, нийслэлийн 2024 оны төсөв баталсантай холбоотой энэ ондоо багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Мөн шинэ оноо угтсан гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтыг аль болох богино хугацаанд хийхийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсантай холбоотой хоёр ажлын хэсэг байгуулсан юм. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хэсгийг “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, иргэдтэй уулзан, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тэрчлэн “Урт цагаан”, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлаа эрчимжүүлэх аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.