Яармагийн зам дагуу байрлуулсан зарим хайс, хашааг татан авч байна

2023-10-16 Нийслэл


Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлж, хайс байрлуулсан. Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Хотын ерөнхий Менежер М.Баяраа Наадамчдын замын дагуух дайрагдсан, эвдэрсэн, өнгө үзэмжгүй, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага, явган зам, ногоон байгууламжийн хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгүүдийг Дүүрэг, ашиглалт арчлалт хариуцсан байгууллагууд засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

Энэ дагуу автомашины хөдөлгөөнд саад учруулж буй хайс, хашлагуудыг татан авах ажлыг эхлүүлсэн байна.

Энэ талаар Хотын менежер М.Баяраа “Есдүгээр сарын 5-наас эхлэн сар гаруйн хугацаанд энэхүү хайсыг байрлууллаа. Үр дүнд нь автобусны эргэлт, зорчигчийн тоо нэмэгдсэн гэх мэтээр эерэг тал гарсан. Цаашид шаардлагатай газруудад нь хайсыг үлдээнэ. Жишээ нь автобусны буудал, сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах үүднээс үлдээх юм. Харин автомашины хөдөлгөөнд саад болоод байгаа хэсгүүдэд байрлуулсан хайснуудыг татаж, замыг чөлөөлж байгаа” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.