Зуны эхэн сар шувтарсан ч өмнийн говьд бороо хургүй хөл дороос улайсах элсэн ширхэгүүд хүн, малын тэвчээрийг жинхэнэ шалгах мэт. Нар хэдийнэ хэлбийсэн ч эгц дээрээс төөнөж, хааяа нэг халуун салхи үлээхэд нарийн ширхэгтэй тоос газрын хөрсөн дээгүүр хийснэ. Гэхдээ л дэлхийг чимээлсэн үлэг гүрвэлийн мөрийг өвлөн хадгалсан өмнийн цэнхэр говь үлгэрийн мэт гайхамшигтай…
Бид өнгөрөгч өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй Монгол орныг хэдэн үеэр нь тэжээх их бүтээн байгуулалтын ажлын явцыг нүдээр үзэж, нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь хараад ирэв. Хэдийгээр газрын хөрсөндөө +35 градусаас дээш чиглэж байгаа ч аагим халууныг үл хайхран говь нутагт мега төслийн багийнхан цагийн зүүтэй уралдан өдөр шөнөгүй ажиллаж байгаа нь бахархмаар.
Газрын тос боловсруулах үйлдвэр манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн салбарын суурийг тавьж буй гэдгээрээ цоо шинэ бүтээн байгуулалт болж байна
Бидний эхний “зогсоол” Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай танилцах байв. Албаны бүрэлдэхүүнд УИХ-ын ҮББХ-ны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон бусад албаныхан багтав.
Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. Манай улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл одоогоос таван жилийн өмнө цаасан дээрээс бодит ажил руу хэрэгжиж эхэлсэн байдаг. Үйлдвэрийн гол түүхий эд болох түүхий нефтийг Дорнодоос хоолойгоор татахаар төлөвлөсөн. Түүхий тос дамжуулах хоолойг Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн найман сумыг дайруулж нийт 530 км газар татахаар зураг төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул-XIX”, “Тамсаг XXI” талбайгаас гарсан түүхий нефтийг хоолойгоор дамжуулж, төлөвлөсөн маршрутаар тээвэрлэх юм.
Тухайлбал, анхны дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг монголчууд өөрсдөө 2018-2019 онд барьж дуусгаж байлаа. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл нь цар тахалтай холбоотойгоор бий болсон үнийн өсөлт, тээвэр ложистик зэрэг хүндрэлтэй үеийг даван туулж, тасралтгүй хэрэгжсээр эдүгээ төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас бүтээн байгуулалт, барилга угсралтын шатанд шилжээд байгаа юм.
Одоогийн байдлаар жилд 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн. EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3 багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.
Ийнхүү газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, жилд 1 сая тонн орчим шатахуун, дизель түлш үйлдэрлэнэ. Монгол Улсын шатахууны хэрэглээ нэг жилд 1.2-1.4 тэрбум ам.доллар байдаг. Харин үйлдвэр ашиглалтад орсноор нийт хэрэглээнийхээ 80-90 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог гаргаад байгаа юм. Тиймээс жилдээ 4-5 их наяд төгрөгөө бид гадагшаа импортод алдахгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдийн дүн мэдээгээр “ПетроЧайна Дайчин тамсаг” компани жилд дунджаар 600 орчим мянган тонн газрын тос олборлож байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд багадаа 1.5 сая тонн газрын тосыг үйлдвэрлэлд оруулах шаардлага үүснэ. Тиймээс Засгийн газар хайгуул, нөөц чиглэлдээ анхаарах хэрэгтэй болоод байна.
Энд нэг зүйлийг тодруулахад, тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гараад байгаа.
Харин энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “-Нэгдүгээрт, бүтээн байгуулалттай холбоотой барилгын үйл ажиллагааг НӨАТ-аас чөлөөлөх асуудал яригддаг. Хоёрдугаарт, ТЭЗҮ-д тусгагдсан шаардлагатай зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх асуудал байна. Гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй удаашруулж байсныг бид цэгцэлж байна. Гуравдугаарт, ажиллах хүчний виз олголтын чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллаж байна. БНЭУ, БНХАУ-ын тодорхой тооны ажиллах хүч гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэг, Хятад, Монголын нийт 2 мянга гаруй ажиллах хүч бүтээн байгуулалтад гар бие оролцож байна” гэдгийг онцолсон юм.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тус төслийн гүйцэтгэлд гарч буй бэрхшээл болон шийдлийг тодруулсан юм.
С.Наранцогт: Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явцад үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулна уу. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” гэдэг компани бол манай улсынх бус төслийн компани юм. Одоогоор энд 80 орчим хүн ажиллаж байна. Эдгээр хүний цалин хөлс, үйл ажиллагааны зардал гэдэг бол тусдаа асуудал. Учир нь өдөр тутмын энэ бүх зардлыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж байсан. Харин өнөөдөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил бол БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа хоёр тусдаа асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус компани өдөр тутмын үйл ажиллагаагаа Хөгжлийн банкны зээлээр явуулж байсан ч зээлийн шугам хаагдсан учраас хэсэг хугацаанд санхүүжилт нь зогссон. Тиймээс эл компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд дээд төвшинөөс “Эрдэнэс Монгол” компанид асуудлыг хариуцуулж, ажиллуулах үүрэг хүлээлгэсэн. Одоогийн байдлаар энэ хүрээнд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байгаа. Мөн он дуустал эл асуудал өөр байдлаар шийдэгдэхгүй явна гэж үзвэл 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөв батлагдахыг хүлээж байна. Тиймээс санхүүжилтийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.
-Төслийн хүрээнд оюутнуудыг бэлтгэхэд сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тухай яригдаж байсан. Энэ асуудал танай компанид албан байдлаар орж ирсэн үү?
-Одоогийн байдлаар манайд ийм асуудал тавигдаагүй байгаа. Ер нь Ашигт малтмал, газрын тосны газраас энэ чиглэлийн хүмүүсийг бэлдэж, төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэсээр ирсэн. Энэ хүрээнд цаашид ч салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлтэй байгаа. Харин тухайн төслийн хүрээнд үүссэн асуудал бол нэлээд олон хүний асуудал яригдаж байгаа учраас хүндрэл гарсан болов уу.
-Төслийн хүрээнд 550 айлын орон сууц барих ажил багтсан байдаг. Тус барилгын ажлын нэг хэсгийг Батлан хамгаалах яам хийж гүйцэтгэх байсан ч өнөөдрийг хүртэл ажил нь хийгдээгүй байдалтай байна. Харин хөрөнгө оруулагч талаас гэрээний дагуу ажил нь хэвийн үргэлжилсээр. Гэтэл манай тал хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэхүү ажлыг мөн л Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан. Гэтэл өнөөдөр санхүүжилт нь зогссон байдалтай байна. Тиймээс нийгмийн халамжийн эл төслийг дуусгахын тулд Хөгжлийн банктай Засгийн газар хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.