Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч хурандаа Б.Энх-Одтой ярилцлаа.
Улс орон даяар явагдаж буй “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүрээнд Цэргийн төв эмнэлэг хөдөө, орон нутагт хөдөлгөөнт бүлгээр ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бэ?
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, БХЯ, ЭМЯ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг орон даяар зохион байгуулахад манай эмнэлгийн хамт олон манлайлан оролцсон. Тухайн жилдээ бид 9500 километр замыг туулж Зэвсэгт хүчний алслагдсан анги, салбарын алба хаагчид болоод тэдний гэр бүл, ахмад настнуудыг хамруулан ойролцоогоор 5500 хүнд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн.
Харин энэ онд БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Булган, Архангай, Сүхбаатар аймагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төслийн хүрээнд манай эмнэлэг 3 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн 13 сумын нийт 6500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсэн.
Мөн энэ сарын 19-25-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан “Бидний бахархал” төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Цэргийн төв эмнэлэг байж зөвхөн Булган хотод гэхэд л 1100 орчим хүнд даатгал харгалзалгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Үргэлжлүүлэн 6 дугаар сарын 30-ныг хүртэл тус аймгийн 10 сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх төлөвлөгөө гаргасан. Одоогоор манай эмнэлгийн баг тус аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж байна.
Ташрамд дурдахад бид өнгөрсөн жилээс эхлэн хамгийн элбэг тохиолдож буй өвчлөлийн датаг бий болгосон. Уг датанаас харахад иргэдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл хамгийн их, дараагаар нь даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл, цаашлаад хоол боловсруулах замын буюу ходоодны өвчлөл, зарим тохиолдолд бамбай булчирхай, элэгний өвчлөлүүд зонхилж байгаа нь ажиглагдсан. “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дагуу 14-16 шинжилгээ явах ёстой боловч бид нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл сэтгэц, зүрх судас, арьс харшлын чиглэлийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулж нийт 20 гаруй төрлийн үзлэг, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд Цэргийн төв эмнэлэгтээ хүлээн авч эмчилж байна. Ирэх 9 дүгээр сард Архангай аймагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, “Бидний бахархал” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Цэцэрлэг хотын иргэдэд өмнөхийн адил ямар нэгэн үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Өнгөрсөн сард Цэргийн төв эмнэлгийн дөрвөн цэргийн алба хаагч Ливан Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор хилийн чанадыг зорьсон. Одоогоор хэдэн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бэ?
Цэргийн төв эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлгийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангасан. Улмаар манай эмч, сувилагч нар маань 5 дугаар сарын 16-ны өглөө Ливан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNIFIL” ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордсон. Улмаар гурав хоногийн дотор үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлөө бүрдүүлсний сацуу Ливан Улсын НҮБ-ын I шатлалын эмнэлэг дээр Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт манай орноос гадна Энэтхэг, Индонезийн эмч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна. Манай цэргийн алба хаагчдаас өмнө Беларусын эмч нар үүрэг гүйцэтгэж байгаад ээлж хүлээлцсэн гэсэн үг.
Очсон даруйдаа жижиг төрлийн мэс засал, хагалгаанууд, оёдол боолт тавих мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 80 орчим хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж 21 хүнд жижиг хэмжээний мэс ажилбар хийсэн.
Мөн тухайн газар үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын эмч, эмнэлгийн ажилтнууд болон энхийг сахиулагчдад ил шарх үүссэн эсвэл цус алдалтын үед хэрхэн яаралтай арга хэмжээ авах талаар хичээл орсон. Манай эмч, сувилагч нар өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Ахалж яваа эмч нь АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Тиймээс дэлхийн халуун цэг болсон тэрхүү газар оронд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дараагийн ээлжийн бүрэлдэхүүнийг гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхээс эхлээд бэлдэж байгаа.
Цэргийн төв эмнэлэг гадаадын хэд хэдэн орны эрүүл мэндийн салбарынхантай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ талаар тодруулбал…
Манай эмнэлэгт томоохон хэмжээний хоёр төсөл явагдаж буй. Эхний төсөл нь дуусах шатандаа орсон, цөөн тооны тоног төхөөрөмж авах л дутуу байна. Тодруулбал, Монгол-Австри Улсын Засгийн газар хоорондын 8 сая еврогийн төсөл хэрэгжээд дуусах шатандаа орсон. Уг төслийн хүрээнд хагалгааны орчин нөхцөл, эмнэлгийн багаж хэрэгслийн ариутгалын асуудал, зүрхэнд стент тавьдаг ангиографийн лаборатори байгуулагдаад дагалдах тонох төхөөрөмжүүд суурилагдаж боловсон хүчин бэлтгэгдсэн.
Харин нөгөө төсөл нь Монгол-Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Японы Өөрийгөө хамгаалах хүчний Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон манай эмнэлэг хамтран гамшиг, ослын үед үй олноор гэмтэгсдэд тусламж үзүүлэх дадлага, сургууль юм.
2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анх хуралдаж түүнээс хойш дөрөв дэх уулзалтаа хийгээд байна. Энэ бол Монгол Улсад болзошгүй гамшиг, осол тохиолдоход Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин тэр дундаа Цэргийн төв эмнэлэг бэлэн байх ёстой гэдэг утгаараа энэ ажлыг хэрэгжүүлж буй. Ингэхдээ бид БНТУ-д үүссэн газар хөдлөлт, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагад үндэслээд газар хөдлөлтийн хамгийн их туршлагатай орон болох Япон Улстай хамтран ажиллаж байна. Энэ сургуулийн үр дүнд бид гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар маш нарийн судалгаатайгаар олж мэдэх зорилготой. Өнгөрсөн долоо хоногт Японы Цэргийн төв эмнэлгийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлэгт гурав хоног ажилласан. Өмнө нь манай хоёр улсын эмнэлгийн бүрэлдэхүүн хээрийн болон команд-штабын сургуулийг амжилттай хийж гүйцэтгэсэн. Маш их үнэтэй зөвлөгөө, туршлагыг олж авсан. Харин энэ оны 10 дугаар сард гамшиг ослын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар дарааллаар яаж үзүүлэх талаар арай өргөтгөсөн хэлбэрийн команд-штабын сургуулийг зохион байгуулна. Мөн ирэх оны 6 дугаар сард томоохон хэмжээний хээрийн сургууль хийхээр төлөвлөсөн. Түүнээс өмнө сургуулийн сэдвээ сонгох, туршлага сургамжаа хэлэлцэх гээд хэд хэдэн ажил бий.
Цаашид ямар ажил, арга хэмжээ төлөвлөж байна?
Оношийн хамааралтай бүлэг бүхий Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих үйл явцыг илүү бодитой болгохоор ажиллаж байна. Мөн цусны станцтай болох талаар хэлэлцэж байна. Монгол Улсын хэмжээнд ганц Цус судлалын үндэсний төв л цусны станцтай. Манай эмнэлэг дээр нийслэлийн хэмжээний хутага мэс, улсын хэмжээний галт зэвсэг, элэгний олон хүнд хагалгаанууд хийгдэж байгаа учир цус сэлбэлт маш өндөр. Цусны үнэ сүүлийн үед 7-8 дахин ихэссэн. Цаашид батлан хамгаалах салбар бие даагаад цусны станцтай болох нь зайлшгүй асуудал юм. Бидний нэг гол зорилт бол олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн хэрээр эдгээрийг илүү бодитой болгох шаардлагатай. Жишээ нь, бид ангиографийн лабораторийн үйл ажиллагаагаа жигдрүүлж хэрэгцээндээ тохируулах нь чухал юм.
Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлалтай “Аваргатосон” рашаан сувиллыг Цэргийн төв эмнэлгийн харьяанд шилжүүлж засвар тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Бид Зэвсэгт хүчний алба хаагчид болон тэтгэвэр чөлөөнд гарсан хүмүүс, тэдгээрийн ар гэрт арьс харшил, нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээний чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 13-нд ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог Цэргийн төв эмнэлэгт нэвтрүүлсэн. Харин цаашид яаралтай тусламж, аврахуйн анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэлд орохоор ажиллаж байгаа.
Эцэст нь хэлэхэд бидний өмнө маш олон зорилго бий гэдгийг тодотгоё.
Дэслэгч Т.ИДЭР
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.