Б.Батцэнгэл: Дугуй цагаан орчмын дээд хэсгийн тохижилтын ажил бүрэн дууссан

2023-06-2 Нийслэл
зураг

Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Энэ орчмын явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлжээ. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэв.

“Цагаан толгой нуур” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын дээд хэсгийн тохижилтын ажил бүрэн дууссан. Доод хэсэг дэх чулуу болон дээврийн ажил дутуу байгаа. Чулууг бороонд нааж болохгүй учраас хугацаа алдлаа.

Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууссан. Түүнчлэн үлдсэн тохижилтын ажлыг 14 хоногийн хугацаанд дуусгах боломжтой” хэмээн ярилаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Тоглоомын талбай ашиглалтад орсноос хойш хүүхдүүд маш их ирж тоглож байна. Энэ орчмын хогийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Цаашид нийслэл, эсвэл дүүрэгт нэг мөр хариуцуулбал зүгээр. Иргэд дүүрэг хариуцах ёстой гэж ойлгодог. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.

Хотын даргын мэдээлснээр, дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэй байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.