Нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт бүхий гудамж талбайг байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 5.7 ам метр болж нэмэгдсэн байна.
Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байсан 10.2 га газрыг ЗДТГ-т шилжүүлэн, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргалаа. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах “East” төв орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг гаргав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 32 га талбайн мод үржүүлгийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн 15 аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн нийслэлд нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж, Туул гол дагуу болон үерийн далан дагуу гурван байршил, эрүүл мэндийн таван байгууллагын гадна талбайд томоохон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.
Сэлбэ, Бага Баян голын хаврын шар ус болон зуны үерийн усыг хуримтлуулан экосистемд таатай нөлөө үзүүлэх цэнгэг устай 30,000 шоо метрээс багагүй эзлэхүүнтэй Сэлбэ голын урсац тохируулын усан сан байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж буй.
Түүнчлэн хог хаягдлын ухаалаг менежмент бий болгох хүрээнд Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хоногт 300 тонн хог хаягдал ангилан ялгах үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулсан. Аюултай хог хаягдлыг түр хадгалах жишиг агуулахын барилга, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 10 тонн хог хаягдал ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.