Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүллээ. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм байна.
Одоогоор хүдрийг хойд Хюго ордын ашиглалтын нэгдүгээр давхрын панел 0 талбайгаас олборлож байгаа бөгөөд ирэх жилүүдэд үйлдвэрлэлийн хэмжээг шат дараатай нэмэгдүүлнэ хэмээн “Рио Тинто” компани мэдэгдэж байна.
Уурхайн 20 мянган орчим ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж байна. “Оюу Толгой” нь үндэсний 500 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладгаас гадна 2010 оноос хойш дотоодод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулснаас татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 4 тэрбум ам.доллар улсын төсөвт төвлөрүүлээд байна. Ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох үүдийг нээн бүх оролцогч талуудад өгөөжөө хүртээх гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Оюу Толгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлоно гэж тооцсон нь 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ бөгөөд дараагийн 30 орчим жилд дунджаар 290 мянган тонн зэс үйлдвэрлэнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.