Үрт амьтны үйлт сэтгэл хаачив?

2023-03-13 Гэр бүл

 

Хоёр хүүтэй айл аж. Ах нь зургаан настай, дүү нь гурван настай. Аав нь уурхайд ажилладаг, салсан, салаагүй нь тодорхойгүй. Тиймээс гурван настай хүүг зодож, ноцтой хүнд гэмтээсэн Э-г ээж Л-ийн хамтран амьдрагч, эсвэл нууц амраг гэж хоёр янзаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Хүүг зодож байхад ээж нь хамт байсан, байгаагүй гэсэн хоёр таамаг бий. Э хэмээгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан залуу 3-6 насны хоёр хүүхдийг харж үлдэх үедээ ноцтой зодсон гэсэн мэдээлэл бас бий. Хэрэв эхнийх нь үнэн бол ээж Э яагаад харсаар байж балмад этгээдийн гараас үрээ салгаж авсангүй вэ? Хоёр дахь таамаг үнэн бол дүүгээ зодуулж байхад харж, эсвэл нуугдан чичирч зогссон том хүү бүгдийг гэрчилж болох юм. Гэвч зургаахан настай хүүгээс одоо энэ талаар асуух нь хэтэрхий хэрцгий хэрэг болно. Энэ хэрэгт насанд хүрсэн гурван хүний оролцоо байгааг анзаарав уу? Хүүхдүүдийн төрсөн аав, ээж, ээжийн хамтран амьдрагч. Гэвч томчууд одоо бүгд эрүүл, шалгуулж, саатуулагдсан. Харин хоёр хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, бага хүүгийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ухаангүй хэд хонож байгаа хүү эдгээд эмнэлгээс гарлаа гэхэд түүний эрүүл мэнд, сэтгэл санааны хямрал хэзээ бүрэн эдгэх үү? Энэ бараг л боломжгүй зүйл. Хүүхэд байтугай нохой, муур зодож байгааг харсан хүн гүйж очоод салгадаг биш үү? Гэтэл тэр ээж яагаад чимээгүй байв? Өөрөө дарамтанд байдаг хүн үү, эсвэл үрт амьтны үйлт сэтгэл нь түүний хувьд аравдугаарт бичигдэх үнэгүй зүйл үү? Хүүхдүүдийн төрсөн аав ээжид нь итгэж үрсээ үлдээгээд урт ба богино хугацаагаар явсан уу, эсвэл хүүхдүүд түүний хувьд бас л аравдугаарт бичигддэг хэрэг үү? Хүүхдүүд яагаад Монголын төр, нийгэм, гэр бүлийн хувьд ихэнхдээ аравдугаарт, эсвэл бүр 100 дугаарт бичигдээд байдаг юм бэ? Бага насны хүүхдийг халаагуураас гавлаад зодсон, гадаа хөлийг нь хөлдтөл зогсоож тарчлаасан…энэ хэргүүд хэзээ зогсох вэ? Дүүрэг аймаг бүрт байдаг нийгмийн ажилтнууд юу хийдэг вэ? Л, Э мэтийн араатнуудын эцэг, эх байх эрхийг хэзээ хасдаг болох вэ? Энэ төрлийн хүмүүсийг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нь тогтоож, цус ойртолтын хэддүгээр зэрэгт хамаарч байгааг нь хянан тодруулах арга анагаах ухаан талаасаа байдаг уу? Эцэг эх байх эрхийг нь хязгаарлах хуулийг яагаад гишүүд боловсруулан хэлэлцүүлэхгүй байна вэ? Иймэрхүү хэрэг удаа дараа гарч байна. Харамсаж халаглаад л мартдаг болж байна. Яагаад ямар нэгэн зохицуулалт, өөрчлөлт хийхгүй байна вэ? Эсвэл энэ улс, энэ төр, энэ гишүүдийн хувьд хүүхэд бас л аравдугаарт бичигддэг юм уу? Үр хүүхэддээ араатны араа соёо харуулж өсгөчихөөд алс нь халуун дулаан хайр хүсч хүлээгээд байх эрх энэ нийгэмд үгүй, ээж аавуудад ч үгүй. Ирээдүйгээсээ бид инээмсэглэл горьдох ч хэрэггүй. Үнэн энэ л юм.

Нийтлэлч ЭМҮЖИН

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.