ИХ САЯНЫ НУРУУНЫ НОЁН ОРГИЛ МӨНХ САРЬДАГТ есөн настай хүү  гарчээ

2023-03-9 Амрах агшин

Байгаль орчны боловсрол олж авах, эх дэлхий, эх орноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад хамгийн үр дүнтэй арга нь явган алхалт гэдэг. Тэгвэл Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос 2023 оны 3 сарын 1-ээс 3 сарын 8-ны хооронд “Хөх сувдын эрэлд-2” адал явдалт явган аяллын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумын нутагт амжилттай зохион байгууллаа. Аяллын маршрутад Хөвсгөл аймгаас зохион байгуулж буй “Мөсний баяр 2023”, үзэсгэлэнт сайхнаараа алдартай Жаргант гол, Монгол улсын хойд хил Ханх сумын нутагт орших Их Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уул зэрэг Хөвсгөл аймгийн байгалийн болон түүхэн үзэсгэлэнт газрууд багтжээ.

Тус аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсон бөгөөд тэдний дотор 9 настай Л.Эрхэмбаяр хүү багтаж, аавын хамт маш амжилттай оролцсон нь онцлог байв.

Л.Эрхэмбаяр хүү аавтайгаа хамт эх орныхоо өнцөг булан бүрд очиж алхаж, аялдаг бөгөөд 2022 онд Асралт хайрхан (д.тд 2799 метр), Их Богд (д.т.д 3900 метр), Алтай Таван Богд уулын Малчин оргил (д.т.д 4051 метр)-т хүрч байсан бол энэ удаа Мөнх Сарьдаг (д.тд 3491 метр) оргилд 2023 оны 3-р сарын 4-ний өдрийн 14:29 минутад ийнхүү амжилттай гарч чадлаа.

Монголын явган алхалтын холбоо нь сар бүр Монгол орныхоо аль нэг аймагт, сар бүр эх дэлхийнхээ аль нэг улс оронд явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулсаар байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.