Ж.Золжаргал: Нүүрсний хулгайг шийдэх гол гарц нь ТӨМӨР ЗАМ

2023-02-9 Байгаль орчин

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Нүүрс тээврийн асуудлаар тээврийн жолооч нар олон шүүмжлэлийг хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л тээвэрчид нэгдэж хэвлэлийн бага хурал зарласан. Эрдэнэс Таван толгойгоос зарлана гээд байгаа тендерийн тухайд байр сууриа хуваалцаач?

-Тээврийн дээд үнийг зарлаад тендер зарласан гэж ойлгосон. Тэгэх шаардлага байсан л юм байх даа. Тэр талаас нь жаахан гайхаж байна. Тэд чинь өөр өөрсдийнхөө саналыг өгөөд хэл амгүйхэн шиг өгсөн саналыг нь авч байгаад сайныг нь сонгочиход болох асуудал. Заавал дээд, доод гэж хязгаар тавих шаардлагагүй дээ.Ийм шалтгаанаар нүүрс тээврийн жолооч нар эгдүүцээд байх шиг байна лээ. Бодоод үзэхээр ашиг багатай, хэцүү шийдэл гэж харсан. Тийм учраас жижиг компаниуд орохгүй, зөвхөн том компаниуд л орж таарна. Том компаниуд орохын тухайд нэг бол манай улсын тээврийн том компани, эсвэл Хятадын том компани орохмагадлалтай. Тэгээд тээвэр дээр эргээд монопол тогтоно гэсэн асуудал яригдаж байна, яг одоо.

-Тендер амжилтгүй боллоо, орох компани олдсонгүй гээд төрийн өмчтэй тээврийн компани байгуулчих эрсдэл харагдаад байна гэсэн хардлагыг учир мэдэх улс хэлээд эхэллээ. Байж болох хардлага шиг санагдаад байх юм…?

-Тэгэх эсэхийг харж л байя.

-Хэрвээ энэ хардлага биеллээ олчихвол яах вэ?

-Ирэх жилийн нүүрсний дийлэнх хувийг Эрдэнэс Тавантолгой нийлүүлнэ гэсэн яриа дуулдсан. Ер нь нүүрсний салбарыг томоор нь харвал төрийн компани нь томроод бусдынх нь ажиллах нөхцөл хүндрэх зураг харагдаж байгаа.

-Хувийн тээврийн компаниудын ажиллах нөхцөх хүндрэх зураг харагдана гэдэг тоогүй хэрэг шүү.

-Одоо болтол яг хэдэн сая тонн нүүрс хулгайгаар гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дээр хатуу тоо байхгүй, шалгаж байна л гээд яваа. Шалгаад дүн нь гарахаар яг хатуу тоо нь хэлэгдэх байх гэсэн хүлээлт бий. Түүнээс биш том хэмжээний хулгай, алдагдсан боломж гээд яриад суугаа нь яг нарийндаа системийн хулгай.

-Системийн хулгай гэдгээ тодруулаач?

-Системийн хулгай гэдэг нь төрийн байгууллагын ажиллаж байгаа арга барилын алдаа, төрийн өмчийн компани тойрсон тодорхой бус зүйлс, хил дээрх богинын тээврийн өндөр өртөг гэх мэтийг хэлээд байна л даа. Системийн хулгайг шийдэх техник гарц нь логистик. Логистикоо ганц мод хүргээд тээвэрлэнэ гэж байгаа нь зөв санаа.

Тийм санаагаар тээврийн тендер зарласан болов уу. Яг нарийндаа төмөр зам л хэрэгтэй. Төмөр замын асуудлаар маргаад суумааргүй байна. Хятадын талаас нэлээд зүйл хамаарна гэж сонссон. Ер нь бол хил дээр оччихсон, Хятадаас л хамаараад байгаа юм байна. Хятадын тухайд гэхээр төрийн дээд төвшинд гарын үсэг зурсан, тохирсон гээд байдаг.

Тэгсэн хэр нь байдал яг янзаараа байгаад байдаг. Тэгэхээр энэ асуудлыг Хятадын талд тавих л хэрэгтэй. Монголын нүүрсний экспортын гол зангилаа энэ л байна. Олон улсын төмөр замын гэрээ хэлэлцээр гэж яривал Хятад, Монгол аль аль нь бий. Тэр хэлэлцээрийнхээ дагуу хилээ давуулаад нутагт нь оруулаах өгөх хэрэгтэй. Цааш нь яах нь тэдний мэдэх асуудал. Олон улсынхаа гэрээ хэлэлцээрийг барьж л хятадуудтай ярьж шийдэх шаардлагатай.

-Ярилцлагаа ахиад тээврийн компаниудын монополчлол тогтох нь гэсэн хардлага руу чиглүүлье. Сүүлийн жилүүдийн улстөрийн шийдэл шийдвэрүүдийг анзаарах нь ээ ямар нэгэн асуудлыг сөхөж гаргаж олны анхааралд оруулдаг, тэгснээ өөрсдийнхөө хүссэн шийдлийг эцсийн шийдвэр болгоод гаргачихдаг. Тэр шийдвэр нь иргэдийн амьжиргаа эдийн засагт халтай, төрийн эрх мэдлийг атгаж яваа нөхдийн халаасыг түнтийлгэх шийдэл болчихоод байгаа нь нууц биш асуудал. Танд тэгж санагддаг уу?

-Нэг асуудлыг шийдэх гэж байна гэсэн давалгаагаар буруу юм оруулж ирдэг жишиг рүү орчих вий гэсэн эмээлт байдаг.

-Олны анхаарлыг татсан улстөржилт хийчихээд өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргадаг нь жишиг болчихоод байна л даа?

-Улс төрийг нэг бужигнуулчихаад өөр санаа дагуулдаг баймааргүй л байна. Ерөнхий зургаар нь харвал төр ажиллах нөхцөлийг бүрдүүлж байх ёстой, системээ угсарч байх үүрэгтэй. Системээ угсарч чадахгүй болохоороо, хүний ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй болоод ирэхээрээ “Энэ хүн ажиллаж чадахгүй байна. Би ороод хийчихье” гэсэн зураг харагдаад байгаа. Ганц нүүрс ч биш аль ч салбарт ажиглагдаж байгаа зүйл. “Би ороод хийчихье” гэсэн хандлага нь газар авахаар төр улам данхайгаад, улам хөрөнгөжөөд байдаг эрсдэлтэй. Ийм тохиолдолд нүүрс гэх мэт баялаг тойрсон хулгай дуусахгүй.

Ганц зүйлийг тодотгож хэлэхэд нүүрс тээврийг ухаалаг, алдагдалгүй, зах зээлийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. Ер нь бол манай нүүрсний олборлолт, худалдаа, экспортын салбарын төрийн зохицуулалтын алдаа ужгираад илэрч гарч ирж байгаа энэ л дээ. Өвчнөөр бол архаг хууч цаг нь болохоор сэдэрдэгтэй л ижил асуудал. Тэрнээс нүүрсний хулгай бол сюрприз биш, цоо шинэ зүйл ч биш. Ерөнхийдөө хүмүүсийн мэддэг л байсан сэдэв.

-Нүүрсний хаалттай гэрээнүүдээс цөөнийг нь ил болгосон. Үлдсэн гэрээнүүдийг ил болговол хэр их мөнгө болох бол?

-Нүүрсний борлуулалтынгэрээнүүдээс зарим нь хаалттай хэвээр байна. Эдгээрийн нийт үнийн дүн нэлээд их наяд төгрөгт хүрэх байх гэж таамаглаж байна. Нийлбэр нь дор хаяж тэрбум ам.доллараас илүү байх болов уу. Нээлттэй болсон гэрээнүүдээс нэлээд том хэмжээний гэрээ хаалттай үлдэж байна л даа. Энэ гэрээнүүд том дүнтэй, Хятадын байгууллагуудтай хийгдсэн. Тийм болохоор нөгөө талынх нь зөвшөөрөл хэрэгтэй. Хятадын гадаад хэргийн төлөөлөгч нь хойд хөршийн сурвалжлагчийн асуултын хариуд “Монголыннүүрснийхулгайтай тэмцэж байгаа үед хэрэв хүсэлт тавих юм бол бид дэмжлэг үзүүлж болно” гэсэн байна лээ. Хятад улс Өвөр Монголд нүүрсний авлигатай холбоотой олон хүмүүст шийтгэл оногдуулж эхэлсэн гэсэн мэдээлэл сонсогдож байгаа. Үнэхээр хоёр хөршийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд үүнийг цэгцлэх гэж байгаа бол, манайх хүсэлт тавих юм бол нууц гэрээний мэдээллийг нээх тал дээр нь дэмжлэг үзүүлж магадгүй. Ер нь хил дээрх богино тээврийн хөөсрөл Монголд ч, Хятад улсад ч алдагдалтай. Хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээр нь хэрэгждэггүй, Хятадын бизнес эрхлэгчид Монголын зах зээлд нэвтэрч чаддаггүй гэх мэт хил орчмын учир нь үл ойлгогдох үзэгдэл байсаар байна. Үүнийг цэгцлэхэд өмнөд хөршийн дэмжлэг хэрэгтэй. Хоёр улсын хоорондын нүүрсний худалдааг илүү нээлттэй, шударга өрсөлдөөнөөр Хятадын нүүрсний бизнес эрхлэгчид Монголд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх тал дээр хоёр улс хамтарч ажиллах байх гэж найдаж байна.

-Нүүрсний хулгайн асуудал энэ салбар дахь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлөх вий гэсэн эрсдэл байна. Энэ тал дээр та ямар бодолтой яваа бэ?

-Нүүрсний дуулиан Монголоос нүүрс худалдаж авах, экспортлох, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүст болгоомжлох хандлагыг өгчихсөн байх шиг. Миний сонссоноор бол нүүрсний худалдаа хийе гэсэн хүмүүс жаахан хардуулах байдалд орчих шиг боллоо. Уг нь нүүрсний эрэлт боломжийн өндөр байгаа.Ирэх жилийн хувьд ч гайгүй байх нь тодорхой байгаа.

Эх сурвалж: “Эрдэс баялгийн тойм” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.