Нүүрсний эрүүгийн хэргийн эзэн холбогдогчдын шүүх хуралдаан хэзээ товлогдох нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ тус хэрэгт хамааралтай хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгах хүсэлтүүдээ ээлж дараалан тавьж буй. Тэдний нэг бол гэрчийн мэдүүлэг өгсөн нь үнэнч гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан. Түүнийг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газар (АТГ) яллагдагчаар татан шалгах саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал, АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг шалгаж, хэд хэдэн хүнийг яллах саналтайгаар хэргийг нь Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа. Тэдний нэг нь болов.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тогтоолд Т.Аюурсайханыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө өөрийн шадар туслахуудаар угаах ажил хийлгэдэг байсан учир АТГ-аас яллагдагчаар татаж байгаа аж. Яллагдагчаар татах тогтоолтой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн долоо хоногт танилцаж, гарын үсэг зурсан байна. Гэхдээ ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөөгүй гэлээ.
Шанага нүүрс ч аваагүй гэдгээ мэдэгдээд байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайтай холбоотой болсон нь ийн тодорхой боллоо. Тэгвэл МАН эрхэм гишүүндээ улс төрийн хариуцлагыг давхар тооцох эсэх нь мөн олны анхаарлыг татаж байгаа юм. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН 30 дугаар их хурлаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүндээ улс төрийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байв. Ингэснээр авлигын хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохоос гадна МАН намаасаа тус гишүүнийг хөөж, намын нэр хүндээ цэвэр авч явах асуудлыг хөндөж байсан юм. Тодруулбал, тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэрэв МАН-ын гишүүн шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс шууд хасагдсанд тооцно” гэдгийг мэдэгдсэн.
Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын эхээр Т.Аюурсайханы туслах, зөвлөх зэрэг хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой хүмүүсийн гэр, албан өрөө, аж ахуйн нэгжийн объектод нэгжлэг хийж эд мөрийн баримт болохуйц бичиг баримтууд хураан авсан байдаг.
Улмаар түүнийг хамааралтай байж болзошгүй учир яллагдагчаар татах хүсэлтээ АТГ гаргажээ. Прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-ийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Албан бус мэдээллээр Т.Аюурсайхан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын дарга Б.Отгонжаргал, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг болон өөрийн шадар туслах И.Даваадорж нараар дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагааг дээрх танилуудынхаа хүрээнд явуулдаг байж болзошгүй. Эдгээр хүмүүсээс зарим нь цагдан хоригдож байгаа бол мөн хэдхэн хоногийн өмнө Х.Нурлат тэргүүтэй хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан.
АТГ-аас өгсөн мэдээллээр “Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд Улсын ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байна.
Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан.
Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд баривчилж, холбогдох шүүхэд танилцуулсан.
Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид Эрүүгийн хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ авснаас одоо долоон хүнийг цагдан хорьж байна. Мөн улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч авсан” гэсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.