Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 28-ны хуралдаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан.
Тэрбээр зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон.
Үүний дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм байна.
Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь код байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийнэ.
Ташрамд мэдээлэхэд автомашинуудыг цахим гэрчилгээтэй болгох судалгааны ажил 2021 онд эхэлсэн. Улмаар нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших хиймэл оюун ухаанд суурилсан “RFID” төхөөрөмжөөр тоноглосон.
Уг төхөөрөмжийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг хиймэл оюун ухаанд сургажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.