Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.
-Зам, талбайн цэвэрлэгээний 28 машины зориулалт болон үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг тус машиныг авсан. Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан.
Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг ийм машин багадаа найман хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, 28 машин 224 хүний нэг өдрийн ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан. Цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаас салах, гар ажиллагааг багасгах шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд ч ийм бодлого баримталж байгаа.
-“Батсээр” компани тендерт шалгарч, нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн юм билээ. Тендерт аж ахуйн нэгжүүд ямар үнэ санал болгож, тус компани шалгарсан бэ?
-Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргасан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр байдаг. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан.
2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ. Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд үнэ нь 148 сая төгрөг, доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд, шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.
С.Батболд: Шинэ машинууд одоо ашиглаж буйгаас илүү боловсронгуй
-Шинээр оруулж ирсэн бичил машинуудын техник үзүүлэлт нь ямар байна вэ?
–Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон.
-Худалдааны вэб сайтуудад байгаа хямд машинуудаас юугаараа ялгаатай вэ?
-Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг. Яг манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.