Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдөртөө үргэлжилж байна.
Төрийн ордны урд хэсэгт өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж, гурван асуудалд тодорхой хариулт өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр “Урьд шөнө Авлигатай тэмцэх газар/АТГ/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг цагдан хорьсон. Яг одоо АТГ-т нэр бүхий 11 хүнийг дуудан, шалгаж байна. Өнөө өглөө 07.00 цагт ЦЕГ, АТГ-ын 40 хүн Цогтцэций суманд ажиллахаар явсан. Яг одоо Дундговь аймаг өнгөрөөд явж байна гэсэн мэдээлэл өглөө. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2009 оноос хойш Тавантолгойн уурхайд хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих мэргэжлийн хүмүүс явсан. Хил гаалийн байгууллагууд явсан.
Гаалийн ерөнхий газраас хил гаалиар гарсан бүх нүүрснүүдтэй холбоотой зөрсөн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн. Нийтдээ 4 удаагийн шалгалтаар 3000 гаруй аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл гаальд бүртгэлгүй гарсныг шалгахаар болж 22 дахь эрүүгийн хэрэг нээгдлээ.
Манайх хуультай улс учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, нүүрс хэн хулгайлсныг тогтооно.
Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлээд 21 аймгаас 100 гаруй мөрдөгч гаргаад ажиллаж байна. Хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж болохгүй. Эхнээсээ барьж хориод явж байна.
“Эрдэнэс Тавантолгой”, жижиг Тавантолгойн дансыг өнөөдөр дэлгээд тавьчихая. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг заавал баримт нотолгоон дээр суурилах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас гадуур хэнийг ч буруутгаж чадахгүй гэдгийг хэлье” гэлээ.
Мөн энэ өдрийн жагсаалд морьтой иргэд ирсэн ч цагдаагийн алба хаагчид төв талбайд оруулаагүй учраас тэд буцаж явцгаасан юм.
Энд нэг зүйлийг тодруулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр жагсагчидтай уулзаж, нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөлөл оруулах санал тавьсан. Гэвч жагсагчид өнөөдөр дахин цуглаж, шийдтэй хариу шаардаж байгаа юм. Учир нь энэхүү 100 хүний төлөөллийг сонгоход цаг хугацаа, тухайн төлөөлөлд тавих шалгуур гээд олон асуудал байгаа учраас тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаагаа өнөөдөр жүжигчин Цогтоо жагсагчдын өмнө хэллээ.
Мөн өнөөдөр салбарын сайдыг жагсагчдын өмнө гарч ирэхэд “Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрсийг ил тодоор зарлаж, Засгийн газар огцрох ёстой” гэж дуу нийлүүлэн орилсоор байв.
Түүнчлэн жагсагчид чанга яригч болон бусад техник хэрэгслээр хангахыг шаардаж байв. Учир нь жагсаалд оролцож буй залуусын үзэл бодол, сэдэв нэг ч байр сууриа нэгтгэн өөр хоорондоо ярилцах боломж хомс байгааг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, залуус талбайд нэгэн зорилго дор нэгдсэн ч системтэй ажиллагаа хэрэгтэй байгааг онцолж байсан.
Өнөөдөр мөн салбарын сайд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Сүхбаатарын талбайд чин зүрхний дуудлагагаар зарим иргэд жагсаж байгаа ч харамсалтай нь зарим нь захиалгатай жагсаж байгаа. Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьж байгаа жагсаал цуглаан бас бий гэдгийг дуулгах нь зөв. “Эрдэнэс Тавантолгой” компанид Монголын Оюутны Холбооны үе үеийн удирлагууд алба хашиж ирсэн. Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгч асан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч асан Х.Батсайхан гээд дурдаж болно.
Өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, оюутны зөвлөлд ажиллаж буй хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦГ-аас шалган тогтоох ажиллагаа үргэлжилж байна” гэдгийг тодруулсан юм.
Ийнхүү тус жагсаал тав дахь өдрөө үргэлжилж, иргэд болон олны танилууд нэгдсээр байна. Тэгвэл өнөөдөр нярай хүүхэдтэй ээжүүд жагсаалд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.