Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн ойрын өдрүүдэд тэг зогсож болзошгүй байгаа хэмээн үзэж Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах саналыг гаргасан.
Тэрбээр “Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.
Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хоёр өдрийн өмнө хүргүүлээд байна.
Үүнд:
-Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
-Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ” хэмээн мэдэгдэв.
Харин Нийслэл хотын хэвлэлийн албанаас тодруулахад “Захирамж эцэслэгдээгүй байна. Мэргэжлийн байгууллагатай ярилцаж байж шийдвэрээ гаргана” гэх мэдээллийг өгсөн юм.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр”Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын 16-ны Баасан гаригт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана” гэж мэдэгдлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30451
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.