Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалах, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна

2017-06-13 Нийслэл

Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгаа. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үүнийг 2017 онд 3.2 болгож, 4 жилийн дараа 5.8 болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж болох Энхтайвны өргөн чөлөөний Баянзүрх дүүргийн Эскадрилийн хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шар хүртэлх замын 2 талын болон голын ногоон байгууламж, тохижилтыг иж бүрнээр нь сайжруулах ажлууд хийгдэж, эхнээсээ иргэдийн талархлыг хүлээж байна. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн гаднах талбайн тохижилтыг сайжруулж, авто зогсоолыг нэмэгдүүлсэн.

Өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын “ЖАСТ” ШТС-аас “МТ” ШТС хүртэлх туслах зам талбайн тохижилтыг ашиглалтад хүлээн авлаа. Сул шороо, тоос бужигнасан, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг  иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хийж гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Өнөөдрийн энэ тохижилтын ажил бол “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хотын даргаас явуулж байгаа бодлогын нэг илрэл юм. Нийт 812 метрийн урт, 5800 м2 сул шороон хөрсийг хучилт хийж, 198 автомашины зогсоолтой, 2 талаараа явган замтай, 98 гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн талбайг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын хамт олон богино хугацаанд бий болгож, хугацаанд нь хүлээлгэн өглөө.” гэсэн юм.

Хотын дарга ч нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө цаашид ч олон ажлууд хийгдэхийг онцлоод “Бид өндөр өндөр байшин бариад байдаг. Харин тэр байшингийн гадаа хүн ирээд машинаа тавих газар, орц гарц, амраад суух газар нь хаана  байх вэ гэдгийг орхигдуулж иржээ. Энэ бүхнийг бид 4 жилийн хугацаанд бий болгоно. Үүнд заавал их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэггүй. Өөрсдөдөө байгаа бололцоонд тулгуурлан ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Бид хотын гудамжуудаа дэс дараалан ийм болгож чадна. Үүний эхлэл нь энэхүү гудамж болж байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.