Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийн талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө

2022-10-28 Нийслэл

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд буюу “Алсын хараа-2050″ уриан дор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Цахим үндэстэн болохын тулд цахим хот болох ёстой. Технологи, шинжлэх ухааны ололтууд ямагт нийслэлд тэргүүлдэг. Учир нь Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Нийслэлд цахим шилжилт хийх төлөвлөлт 2022 оны зургаадугаар сард эхэлж, үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаанд 53 компани бодитоор оролцож,  мэдээлэл технологийн 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилт хийх эхний үе шат руу орж, хоёрдугаар үе шатын шилжилтийг хийхээр бэлдэж байна.

Цахим шилжилтийг Аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралтай холбоотой цогц асуудлыг багцалсны дүнд мэдээллийн технологийн компаниудын хэрэгжүүлэх 27 багц ажил байна. Эхний ээлжид 12 багц ажлыг хэрэгжүүлнэ. Цахим хотод суурилсан цахим үндэстэн болох суурь алхам үүнээс эхэлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, мэдээллийн зөв урсгалыг бий болгох, төрийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг маш олон давуу талыг бодитоор бий болгож байна. Энэ ажлууд үе шаттай хэрэгжин, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц ажлыг иж бүрэн хэрэгжүүлж, Улаанбаатар цахим хот болох эрчимтэй төлөвлөлтийг хийн ажиллаж байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.