Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх тухай сэдвээр олон нийтийн дунд өрнөж буй маргаан мэтгэлцээний дунд Төрийн сүлдийг шинэчлэх, өөрчлөх тухай сэдэв босов. Юмны үнэ буцалсан цай шиг дэвэрч, иргэдийн амьдрал өдөр өдрөөр муудан, бухимдал хямрал газар авсан үед цагаа олоогүй байж мэдэх энэ асуудалд амин чухал шаардлага үнэхээр бий юу, аян шалтаг болгож байна уу гэх мэт хар сэрийн шинжтэй агуулгыг алгасан хэдхэн үгс хэлхэхээр шийдлээ. Учир нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн зураач Цэвээндоржийн Ойдов агсны бүтээсэн өнөөгийн сүлдийг хүмүүс “модон морь”, “эзэнгүй морь”, “голоороо тасархай адуу”, “бүдэрч буй гишгэдэлтэй” гэх мэтээр өөчлөн гоочлох нь элбэг. Магадгүй, хүмүүсийн олонхид ийн сэтгэгдэж байгаа тохиолдолд шинэчлэн сайжруулах нь ч зөв байж магадгүй.
Харь улсын эрхшээлийг түлхэн унагаж, төрт улсаа сэргээн босгосон XIX зууны эхэн үеэс Монгол Улс Төрийн сүлд тэмдгээ хэрхэн тогтоож, ямар бэлгэдэл, утга санаа, үнэт зүйлсийг шингээн бүтээж ирснийг өнгөцхөн ажиглахад тухай тухайн цаг үеийн төлөв, шинж байдал гүнзгий агуулагдсан байгааг анзаарч болно. Ерөөс Төрийн сүлд улс орноо бүхэлд нь төлөөлдөг. Тийм ч учраас сүлдэнд тухайн улсын түүхэн хөгжил, үндэсний онцлог, уламжлал заншил, аж ахуй гэх мэт олон зүйлсийн учир бэлгэдлүүдийг агуулдгийн дотор ард түмний хүсэл тэмүүлэл, чин эрмэлзлийг зайлшгүй багтаадаг.
Шашин, төрийг хослон баригч Богд хаант Монгол Улсын төрийн сүлд чандмань хэлбэрийн гуу, бадамлянхуа суурьтай эрдэнийн Соёмбо байсныг бид мэднэ. Оройдоо нар, сар, галтай Соёмбо үсгийн бэлгэдэл нь Монголын төр, түмэн үргэлжид гал мэт өөдлөн бадарч, нар, сар мэт мөнхөд гэрэлтэн, илч гэрлээрээ ивээх хийгээд хана хэрэм мэт эв эеийн дотор халдах дайсангүй, дээдэс, дордос цөм төв шударга, цэх шулууныг эрхэмлэж, цэцэн цэлмэг, сонор соргогийг арвижуулан, хос ёс, арга бэлгийг шүтэлцүүлж, зүй зохисыг баримтлан, өнө мөнх, бат бөх оршино гэсэн утгатай. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санаагаар тал нутаг нэлэнхүйдээ амьсгалсан энэ цаг үед үүнээс илүү оновчтой Төрийн сүлд гэж юу байхсан билээ.
Нэгдэн, хүчлэн байж олж авсан тусгаар тогтнолоо баталгаажуулах, Төр засгаа дэлхийн хөгжлийн хандлагад нийцүүлэн бэхжүүлж, улс орныхоо аж ахуйг хөгжүүлэх явдал Богд хаант Монгол Улсын нэн тэргүүний зорилт болж байлаа. Гадаад улсууд руу элч довтолгон Хаант улсаа зарлах, газар тариаланг дэмжиж, уул уурхай нээх, санхүү банкны үйл ажиллагааг цэгцлэх, нийслэл хүрээ, аймаг хошуунд сургууль тэнхим байгуулж, үндэсний боловсролыг тэлэх зэрэг үр дүнтэй, дэвшилттэй олон ажил, алхмыг хийсний дотор дээд, доод танхимтай сонгодог парламентын байгууллаар төрийн хэргийг шийдвэрлэж байсан нь чухамхүү Соёмбо сүлдэт төрийн эв эе, цэх шударга хийгээд шинэ дэвшлийн чин хүслээр нөхцөлдөж байсан нь лавтай.
1924 онд БНМАУ анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа Богд хаант Монгол Улсын уламжлалыг залгамжлан авч, бадамлянхуа суурьтай алтан Соёмбыг “Улсын сүлд тэмдэг” хэмээн тогтоосон. Энэ нь улс орны тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, тэгш эрх, шударга байдлын үзэл санаа урьдын хэвээр байсныг илтгэх бөгөөд энэ хүсэл эрмэлзэл улам хурцлагдсаны илрэл нь есөн эрдэнийн Соёмбо алтан өнгөөр гэрэлтсэн явдал юм. Ардын засаг энэ цагаас ард түмний хүсэл зоригт тулгуурлан хамжлагыг халж, нийтийн боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны суурийг тавьсан. Урлал, үйлдвэрлэлийн артель, цехүүдийг байгуулж, мал хөрөнгийг хэдэнтээ дахин хуваарилж, улмаар нийгэмчлэн, хөрөнгөтний бус хөгжлийн замыг тодорхойлж, хувьсгалын үзэл санааг орон даяар нийгмийн бүхий л хүрээнд өргөжүүлсэн. Ихэс ноёд засагладаг байсан төрийг хамжлага явсан ардууд түших “цоо шинэ” тогтолцоонд монгол хүн бүр тэмүүлсэн, дэгэлзсэн үе гэж хэлж болно. Цоролзон цогшсон тэр их хүсэл зорилгыг Монгол Төрийн алтан Соёмбот сүлд ямарваа хоёрдмол утгагүй илэрхийлж байв.
Цорын ганц, магадгүй өөр сонголтгүй холбоотныхнь нөлөө, шахалт 1930-аад оноос хэтийдэж ирснийг 1940 оны Төрийн сүлд тод томруун хэлдэг. Зөвлөлтийн сүлд тэмдгийн хуулбар гэмээр тэг дугуй хэлбэр, тариан түрүүний оронд ногоон өвс, улаан тууз, оройн таван хошуу бол бүр “албан ёсны” коммунист элемент юм. Харин төв хэсэгт эзэн ард нь унаж, уул хангайн зүг давхин яваа морийг оролцуулаад таван хошуу малын дүрс оруулсан нь БНМАУ-ын нийгэм, эдийн засагт мал аж ахуй зонхилж буйг харуулснаас бус ирээдүй тийш чиглэсэн, хөгжил дэвшлийн хандлага, чиглэл зорилгыг илтгэсэн бэлгэдэл энэ сүлдэнд огт үгүй болсныг анзаарч болно. ОХУ-ын Нийгэм, улс төрийн архивд хадгалагдаж буй И.В.Сталин, Х.Чойбалсан нарын 1940 оны 1 дүгээр сарын 3-ны уулзалтын протоколд дурдсанаар, БНМАУ-ын Төрийн сүлдний санаа, дүрслэлийг Зөвлөлтийн удирдагч хэлж өгсөн байдаг. Түүний, “…Монгол Улс бол мал аж ахуйн орон. Чингэхээр мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй, түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино…” гэснийг үг, үсэггүй зурж буулгасан энэ сүлдийг 1960 он хүртэл хэрэглэхдээ улаан туузан дээрх улсынхаа нэрийг шинэ үсэгт хувиргасан нэгэн удаагийн өөрчлөлтийг хийсэн юм.
Ц.Ойдов агсны бүтээсэн одоогийн сүлдийг өөрчлөх тухай эх адаггүй маргаан, мэтгэлцээний түүчээнд 1960 оны Үндсэн хуулиар батлагдан, 1992 он хүртэл хэрэглэгдсэн хуучин сүлдийг сэргээх санал “толгой цохиж” явна. Гол үндэслэл нь, “морь нь амьд”.
1960 оны Үндсэн хуулийн 90 дүгээр зүйлд, “БНМАУ-ын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна. БНМАУ-ын төрийн сүлд нь тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй, тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг “БНМАУ” гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна. Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдийн магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна” гэж заасан. Өмнөхөө бодвол урагш тэмүүлсэн эрмэлзэл хүслийн илэрхийллүүдийг агуулж бүтээгдсэн нь “хүрд араа”, “коммунизмын нар” зэрэг элементээр илэрч байлаа. Социалист бүтээн байгуулалтын үзэл санаа эрчимжсэн энэ үед эдгээр элементүүд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох зорилт, коммунизмын материал техникийн баазыг байгуулж дуусгах эрмүүн хүслийг илэрхийлж байв. Энэ л сүлднийхээ дор монголчууд соёлын хувьсгал, нэгдэлжих хөдөлгөөнийг ялалтад хүргэж, бүх нийтээр бичиг үсэгтэй болж, Дархан Эрдэнэт, Чойбалсан хотуудыг барьж, төмөр зам, автозам, иргэний агаарын тээвэр, худалдааны трест, материал техникийн хангамжийн баазуудыг бий болгон, олон зуун үйлдвэрийг байгуулсан юм. 1940 онд бүтэн жил үйлдвэрлэдэг байсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 1980 онд есөн өдрийн дотор үйлдвэрлэж байсан юм. Энэхүү үйлдвэрлэлийн хурд 1980-1990 онд аж үйлдвэрийн салбарт жилд дунджаар 8.7 хувь, ХАА-д 4.25 хувиар нэмэгдэж, үндэсний орлогын өсөлт жил бүр дунджаар 6.1 хувиар дээшилж байсан юм.
Төрийн сүлдэндээ зорилго тэмүүллээ зангидахын учир холбогдлыг энэ мэтчилэн нэг бүрчлэн дурдана гэвэл бэх, цаас хүрэлцэхгүй. “Амьд морьтой” тэрхүү сүлдний хүрээний тариан түрүүг ороож зангидсан туузад БНМАУ-ын төрийн далбааны өнгийг оруулж, оройн таван хошуунд алтан соёмбыг багтаасан нь бас ч гэж өөрийн гэх онцлог, үндэсний уламжлал, язгуур эрх ашгийн далд агуулга болон дүрслэгдсэн байгаа юм. Хэдий Зөвлөлтийн нөлөө, дарамт шахалтаас ангижраагүйн илэрхийлэл болсон хүлцэнгүй хуулбарлалт хэвээрээ байсан ч гэлээ эдгээр далд агуулга бүхий дүрслэл, амьд, бодитой дүрслэгдсэн үүлэн бор морины эрэмгий давхил, дөрөөн дээрээ босох эзэн хүний цог золбоо сэлтээр бэлгэдсэн албан ёсны тайлбарт тусгагдаагүй далд тэмүүллүүдээр ардчилал, эрх чөлөөний хүсэл эрмэлзэл түрэгдсэн биз ээ.
Үнэн, 1960 оны сүлдэнд дүрслэгдсэн хүн, морь хоёр амьд, бодитой байлаа. Яг л Төрийн сүлдэндээ шингээсэн монголчуудын хүсэл зорилго шиг, тэмүүлэл шиг амьд байсан юм. Уламжлалт, бэлчээрийн мал аж ахуй голлосон эдийн засгаа үйлдвэржсэн, өндөр бүтээмжтэй, өсөлттэй, өрнүүн болгох тэр чин хүсэл, хичээл зүтгэл биеллээ олсон. Биелсэн болохоор тэр бүхэн хүсэл тэмүүлэл байхаа нэгэнт больсон. Тэгээд ч тэртээ 60 жилийн өмнөх мөрөөдлөөрөө бид өнөөдөр жигүүрлэж, маргаашаа бүтээж чадахгүй нь мэдээж.
Тэгвэл бидний шинэчлэн бүтээж, сүлдлэн дээдлэх Төрийн сүлдэндээ уусган шингээж, урлан сийлэх хэтийн чиглэл, холын зорилго, хүсэл тэмүүлэл маань чухам юу байх ёстой вэ? Хүн төрөлхтөн өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгалын эхлэл дээр байна. Энэ хувьсгал их өгөгдөлд тулгуурласан тооцоолол, дижиталчлал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар үйлдвэрлэл, бизнес, цаашлаад эдийн засгийг бүхэлд нь ухаалаг цахим системд шилжүүлнэ. Хөдөлмөрийн зах зээлээс хүмүүс шахагдан гарч, ажиллах хүчний орон зайг нэгэнт роботууд эзлээд эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хомсдол, үл шингэх хог хаягдал амьд байгальд аюул учруулах болж, биологийн төрөл зүйл өдөр өдрөөр хорогдож байна. Хуучирсан, бохир үйлдвэрлэлийг халахаар улс орнууд санал нэгдээд, эхний ээлжид нүүрсний хэрэглээг хязгаарлах болсон. Их гүрнүүдийн хооронд худалдаа, технологийн өрсөлдөөн гүнзгийрч, зарим талаар сөргөлдөөнд хүргэж байна. Хойд хөрш маань дайтаж, урд хөрш маань аархаж байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хоорондын зай улам холдсоор, буурай орнуудад ядуурал газар авч, зарим нь дампуурал, сүйрлээ зарлаад байна.
Ийм үед Монгол Улсын хөгжлийн зам, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл эрмэлзэл хаашаа чиглэж, юунд тэмүүлэх вэ? Энэ асуултад нийтээрээ хариулж, нэгэн хүн мэт нэгдмэл үзэл, цэх зорилготой болж гэмээнэ бидний үнэн сүсгээр шүтэн залбирах, Монгол Улсын Төрийн сүлд чухамхүү тэр болох учиртай. Хүсэл эрмэлзлээ тодорхойлоогүй цагт ямар ч “амьд”, сайхан морийг дугуй тэмдгийн төвд залаад нэмэр болохгүй л болов уу хэмээн мунхагланам.
Төрийн сүлд өршөө…
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.