Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах “Дун Фан Интернейшнл трейд” компани болон дулааны аргаар мах боловсруулдаг “Цан сэн тиан ий” үйлдвэрийн ажилтай танилцав.
Тэрбээр “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын багийг ахалж буй юм. .
“Дун Фан Интернейшнл трейд” компани нь 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар нийт 20 гаруй удаагийн зөрчил илэрч байжээ. Компани өөрийн үйлдвэрийн хөргүүртээ хаяг шошгогүй, дулааны аргаар боловсруулсан 320 тонн, түүхийгээр нь хөлдөөсөн 500 тонн адууны мах хадгалж байсныг энэ оны 5 дугаар сарын 27-ны шалгалтаар тогтоосон тул үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Мөн 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Цан сэн тиан ий” компани нь дулааны аргаар мах боловсруулж, БНХАУ руу экспортолдог бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 10 гаруй удаагийн зөрчил илэрч, нэг гаргасан зөрчлөө удаа дараа давтсаныг МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэлж байлаа. Одоо үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд мөн дээрх үйлдвэрийн адил хаяг шошгогүй 1100 тонн мах хадгалж байсан нь илэрсэн тул мэргэжлийн хяналтын байгууллагаас агуулахыг нь битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгчээ.
Шадар сайд С.Амарсайхан удаа дараа зөрчил гаргаж, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй нөхцөлд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхгүй байх, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэрт сайтар хяналт шалгалт хийж, чанар эрүүл ахуйн стандартад нийцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.