Төсвөө тодотгож үнэ тогтворжуулалтын санхүүжилтийг нэмье

2022-04-14 Нийгэм

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газраас үнэ тогтворжуулах зорилготой хуулийн төслийг  энэ долоо хоногт амжиж  УИХ-аас батлуулахаар ажиллаж байна. Үнэ тогтворжуулах хуулийн төслийн хүрээнд  шатахууны үнийг тогтоон барихын тулд 200 тэрбум төгрөгийн зээл  буюу 60 сая ам.долларын зээл гаргахаар боловсруулжээ. Энэ нь манай улсын гурван сарын шатахууны нөөц бэлтгэх мөнгө.  Түүнчлэн төсвийн тодотгол хийж зарим бүтээн байгуулалтын тендерүүд болоод  тансаг хэрэглээний бараа, машин тоног төхөөрөмж тавилга хэрэгсэл  худалдан авах  яам, агентлагын төсвийг арван хувиар танахаар болоод байгаа билээ. Гэхдээ төсөвт байгууллагуудын төсвийг арван хувиар танаж дээр нь 60 сая ам.долларын зээл гаргалаа гээд  мах, гурил, шатахууны үнийг тогтоон барих, нөөц бүрдүүлэхэд хангалттай биш, хуулийн зорилго хангагдах эсэх нь эргэлзээтэй гэж эдийн засгийн шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдэн хувийн хүүтэй зээл олгох, хэр хэмжээний санхүүжилт гаргах нь тодорхойгүй байна. Тиймээс энэ хөтөлбөрийн хүрээг өргөтгөж  дор хаяж нэг их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр болгох боломж бий эсэх асуудал хөндөгдөж байна. Түүнээс биш 300-400 тэрбум төгрөгөөр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэвэл хүрэлцэхгүй. Тиймээс нэг их наяд төгрөгөөр өргөсгөх төсөөлөл байж болох юм.

Мэдээж нэмж  мөнгө хэрэгтэй болно. Тэгвэл төсвийн тодотгол хийж хөрөнгө оруулалтын жагсаалтаас арай томхоноос нь түүж болох юм. Түүнчлэн тавилга хэрэгслээс 1.3 тэрбум төгрөгийг хэмнэж болох тооцоолол бий. Гэх мэтчилэн тооцвол  нийт 844 тэрбум төгрөгийн 35 төслийг царцаахад 236 тэрбум хэмнэж болохоор байгааг эдийн засагч Лут-Очир хэлж байв. Мөн нийт үр ашиггүй төслүүдийг бүгдийг шүүж үзвэл үүнээс ч том дүн гарна гэдгийг ч хэлж байна. Эрх баригчид төсөвт тодотгол хийхээ яаравчлахгүй байгаагийн цаана том дүнтэй бүтээн байгуулалтын төсвөө танахыг хүсэхгүй байгаагийн илрэл гэдгийгч эх сурвалж хэлсэн. Ямартаа ч төсвийг нарийн  шүүвэл нэг их наяд төгрөгийг хэмнэж болох боломж  бий. 2022 оны төсвийн орлогыг 15.8, зарлагыг 18.2 их наяд төгрөг гэж тооцсон.  Орлого, зарлага өнгөрсөн жилээс 2.7 их наядаар нэмэгдсэн. Түүнчлэн энэ онд төсвийн зарлага 2.4 их наяд буюу 15 хувиар эрс өссөн. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг.  Сонгуультай жилд ч ийм том төсвийн тэлэлт хийж байгаагүй. 2020-2021 онд ковид хямралтай тэмцэх нэрээр төсвийн тэлэлт хийх гэж оролдсон боловч төсвийн орлого бүрдээгүйн улмаас хөрөнгө оруулалтын зарлагууд царцсан, тендерт орсон компаниуд алдагдал хүлээсэн алдааг дахин давтаж байна.

Одоогийн эрх баригчдаас төсвийн төлөвлөлтийг зөв болгох, хулгайг зогсоох бодол, чадвар, зориг харагдахгүй байна. Уг нь нөхцөл байдал хүнд байгаа энэ үед  төсвийн тодотгол хийж  мах гурил, шатахууны нөөц бэлтгэх Үнэ тогворжуулах хөтөлбөрийн санхүүжилтыг  бүрдүүлэх нэг боломж байгааг  эдийн засагчид ярьж байна. Түүнчлэн энэ хууль батлагдах нь тодорхой гэхдээ  санхүүжилт буюу зээлийг одоо биш, намар мал, мах бэлтгэх болон ургац хураалтаар олгох нь үр дүнтэй гэдгийг мөн хэлж байгаа юм. Одоо олговол инфляцыг бууруулахад нэмэр болохгүйг  шинжээчид хэлж байна. Уг нь мах, гурил, шатахууны үнийн хөөрөгдөл инфляцид идүүлэхгүй байх зохицуулатыг Монголбанк хийх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.