Нийслэлийн нутаг дэвсгэрт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ

2022-04-14 Нийслэл
2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийсэн байна. Судалгаагаар 25 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Тодруулбал:

  1. Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га
  2. Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га
  3. Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га
  4. Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га
  5. Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га
  6. Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм.
Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах боломж бүрдэх юм. Үүнээс гадна нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшил болдоггүй байна.
зураг

Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Энэ жил нийт 4,860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1,025 гарааш чөлөөлсөн. ​​​​​​​Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөсөн” гэв.

Харин үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.