Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг бүртгэлээ

2022-04-7 Мэдээ, мэдээлэл

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж, нийт 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгүүдийг бүртгэлээ. УИХ-аас 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлж байсан. Түүнээс хойш хөрөнгө оруулалтын менежментийн компаниудаас зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, удирдаж ирсэн бол Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд итгэх итгэл, зах зээлд оролцогчдын идэвх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын томоохон арга хэмжээнүүдийн үр дүнд хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болж эхлээд байна.

Тухайлбал, 2020 онд анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ. Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн онцлог нь нэгж эрхээ хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан худалдах бөгөөд эрэлтийн хэмжээгээр нэгж эрхээ нэмж гаргаж, нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдгээрээ давуу талтай. Энэ төрлийн сан нь хөрөнгө оруулагчдад банкны хадгаламжийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц, өндөр өгөөжтэй шинэ бүтээгдэхүүн санал болгодог бол нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчид нэмэгдэх хөшүүрэг болно.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу нийт 10 орчим харилцааг зохицуулах 8 журмыг боловсруулахаар Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байгаа билээ. Харин өнөөдрийн хуралдаанаар эхний 4 журам болох “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам“, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбооонд тавих шаардлагыг тогтоох журам”-ыг тус тус баталлаа.

Мөн банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан, дээрх байгууллагуудын зээлийн хүү, түүнтэй холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийн зохицуулалтыг тодорхой болгосон Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг батлав.

Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд:

– Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх-2, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх-1,

– Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллага эрхлэх-1,

– Банк бус санхүүгийн чиглэлээр тэр дундаа итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх 2, зээл болон гадад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх-1,

– Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах-4,

– Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх-2,

– Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх -1 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлал болон үнэт эдлэлийн арилжаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Мөн Хяналт шалгалт, зохицуулалтын газраас санал оруулсны дагуу хоёр компанийн банк бус санхүүгийн болон үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.