Нийслэлд 120 сая мод тарихаар төлөвлөжээ

2022-03-11 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.

Тэрбээр “Ерөнхий төлөвлөгөөний төсөлд гурван зорилго дэвшүүлэн, 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулан нөхөн сэргээж, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ. Бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг 3.350 га талбайд хийнэ. Түүнчлэн нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэв.

Нийслэлийн хэмжээнд 12 га гаруй талбайд ойжуулалт хийснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ гэдгийг тодотголоо. Нийслэлийн есөн дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулах зэргээр нийт 120 сая мод тарихаар төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд мод тариад өнгөрөх биш, модны ургалт, арчлалт, хамгаалалтад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн хувийн хэвшлийнхэн хашаа, хайс татахаас илүүтэйгээр ногоон байгууламжаар хашаа хийж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг тодотгож байв.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.