“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо.
Энэ үеэр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-аас “Эмээлт-Шинэ эко парк”-ийн төлөвлөлтийг танилцуулав. Импортыг орлох, экспортын баримжаатай хөнгөн үйлдвэрийн паркийг нийслэлээс 30 км-ийн зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд Шар хөцийн хоолойд барих юм. Нийт 160 га талбайг эзэлсэн уг паркт жилдээ 8.3 сая арьс шир, 22 мянган тн ноос, 8 мянган тн ноолуур боловсруулж, 10 мянган ажлын байр бий болгохын зэрэгцээ хоногт 20 мянган тн хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар тооцжээ. Паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зургуудыг 2014-2017 онд хийсэн аж.
Түүнчлэн, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-аас эко парк байгуулж, үйлдвэрүүдийг нүүлгэн байршуулахдаа кластер байдлаар хөгжүүлэхэд анхаарахыг санууллаа. Ус сувгийн удирдах газрын төлөөлөл аж үйлдвэрийн парк байгуулахад мэргэжлийн байгууллага, салбарын яам идэвхтэй оролцохын чухлыг өгүүлжээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун “Эко парк нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан. Зарим хүн өмнө боловсруулсан ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай гэж байна. Анх 2012 онд 250 га талбайд, дараа нь 2017 онд 160 га талбайд парк байгуулах ТЭЗҮ боловсруулж байсан. ТЭЗҮ шинэчлэх шаардлага гарах бүрд төслийн ажлыг хойш татаж хугацаа алддаг. Холбогдох яам, ТББ, үйлдвэрүүдийн саналыг тусгасан тул ТЭЗҮ, зураг төсөлд эргэлзэх шаардлагагүй. Одоо байгууллага хоорондын уялдаа, менежментэд анхаарч, ажлаа яаравчлах нь чухал” гэж байв.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршиж буй арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэрийн тухайд Шар хөцийн хоолой руу нүүж, бусад төрлийн хоёрдогч түүхий эдийн үйлдвэрийг кластер байдлаар хөгжүүлэхийг олон жилийн турш хүлээснийг Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан өгүүллээ. Учир нь арьснаас гардаг өөх тос, дэл сүүл, ноос, ноолуур, сүүл, хөөвөр, захалгааны хог зэргийг боловсруулж чаддаггүйгээс арьс ширний үйлдвэрийнхэн Турк, Солонгос, Хятад, Итали, Испанийн ижил төрлийн үйлдвэртэй өрсөлдөх боломжгүй байгаа. Үйлдвэрүүдийг нүүлгэснээр хотын түгжрэлийг багасгаж, төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр болно гэсэн юм.
Хуралдааны үеэр паркийн захиргааны байгууллагын нэр оновчтой эсэхийг нягтлах, байгаль, цаг уурын эрсдэлт нөхцөл газар хөдлөлт, үерийн далан сувгийг тооцоолж барьж байгуулах, Дэлхийн банкнаас гадна санхүүгийн эх үүсвэр бий болгох санал гаргажээ. Мөн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүд байгуулан, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцжээ.
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.