Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай салбарын 100 жилийн ой болоод нийтлэг үйлчилгээний журмын талаар ярилцсаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.
-100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээл туулж байна. Нийслэлд энэ салбарын оролцоо хэр өргөн хүрээтэй байдаг вэ?
Монгол Улсад орчин цагийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар хөгжсөний 100 жилийн ой энэ онд болж байна. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хошилсон нь ч бий. Ойн хүрээнд салбарын түүхийг харуулсан ном, кино хийсэн.
Салбарын 74 хувь нь нийслэлд төвлөрч, нийт ажилтны 81 хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг судалгаа бий. 2020, 2021 онд цар тахлын улмаас манай салбар багагүй бэрхшээл туулж байна. Манай улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээс эхлэн нийслэлийн удирдлагууд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгжээ дэмжих бодлого баримталж ирлээ.
-Худалдаа, үйлчилгээний салбарт хэчнээн аж ахуйн нэгж багтдаг вэ. Тэднийг дэмжих ямар ажил хийж байна вэ?
Нийслэлд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт 18664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын улмаас учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих үүднээс нийслэлээс 17 чиглэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Тодруулбал, тухайн байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь үе шаттайгаар нээсэн.
-Энэ салбарт ажиллагсдын дагаж мөрддөг нийтлэг үйлчилгээний журамд ямар өөрчлөлт орж байгаа болон шинэлэг зүйл заалтын талаар мэдээлэл өгнө үү?
Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байна. Журмыг гурван удаа шинэчилж, хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулсан байдаг. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл өөрөө баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэж байна. Шинэчлэн боловсруулж буй нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлс тусгаж байгаа. Ая тухтай дэлгүүр гэсэн шинэ төрөл, нэр томьёог журамд оруулсан. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтааж байгаа. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулж байна.
-Нийтлэг үйлчилгээний журмаас гадна дагаж мөрдөх стандарттайгаа уялдуулж байгаа юу?
Манай салбараас хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны стандартуудыг хамгийн сүүлд 2019 онд шинэчилсэн. Нийтлэг үйлчилгээний журмаа урьд өмнө мөрдөж буй болон шинэчлэн баталсан стандартуудтай уялдуулан боловсруулж байгаа. Мөн иргэдээс санал авч байна. Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.