Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа.
-Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу явагдаж буй нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдаж, 2020-2021 онд хэрэгжиж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийн тасарсан хугацаагаа нөхөн төлөх боломжтой. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэдэг нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ юм.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр иргэнд ямар ач холбогдолтой вэ?
-Иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил нь хүрэхгүй байх, шимтгэл төлөлтүүд нь дундаа тасрах, ингэснээр тэтгэвэр тогтоох дундаж цалин буурах зэрэг асуудлууд үүсэж, хохирох тохиолдол их байдаг. Уг хууль батлагдаж, иргэд тасарсан хугацаагаа нөхөж төлснөөр 1995-2019 он хүртэлх тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа буюу нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн.
-Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж буй иргэд заавал харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандах уу. Ямар материал бүрдүүлж өгөх вэ?
-Тийм ээ. Өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан нөхөн даатгалд хамрагдаж болно. Уг хуулийн дагуу зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь 1995-2019 он хүртэлх хугацаанд 11 төрлийн албан татвар төлсөн байх ёстой. Нөхөн даатгалд хамрагдахыг хүсэж байгаа иргэн заавал татварын хэлтэс дээр очиж лавлагаа авах шаардлагагүй. Харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд, татвар төлж байсан эсэх, нөхөн даатгалд хамрагдаж болох үгүйгээ шалгуулна.
-Тэгэхээр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань заавал нааш цаашаа явах, татвар төлсөн лавлагаа авах шаардлагагүй юм байна?
-Тийм ээ. Шууд харьяа Нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд нөхөн даатгалд хамрагдах боломжтой эсэхээ шалгуулна. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд НДЕГ болон ТЕГ-ын хамтран ажиллах гэрээний дагуу дундын мэдээллийн баазаас иргэний регистрийн дугаараар нягтлан шалгаж, нөхөн даатгалд хамруулж байгаа.
Малчин даатгуулагч иргэн нь нөхөн даатгалд хамрагдахын тулд:
-Өргөдөл
-Тухайн нөхөн тооцуулж авах онуудын Мал тооллогын А данс
-Харьяа баг/ хорооны Засаг даргын тодорхойлолт
-Мөнгө тушаасан баримт зэрэг материал бүрдүүлж, харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандана.
-Энэ хуулиар шимтгэл нөхөн төлөх нэг иргэн дунджаар хэдэн төгрөг төлж, нөхөн даатгалд хамрагдах боломжтой вэ?
-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42,000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.
Жишээ нь, тухайн иргэн тасарсан нэг жилээ нөхөж авахад нийт 504,000 төгрөг, 10 жилээ нөхөж авахад нийт 5,400,000 төгрөг төлнө. Өмнөх онууд буюу 1995-2019 оны тасарсан хугацаагаа нөхөж авч байгаа хэдий ч одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,000 төгрөг)-ээс тооцож төлнө гэсэн үг
-Нөхөн даатгалд одоо ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагдах боломжтой юу?
-1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Тэгэхээр одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэх нь хамаагүй 15-60 насны иргэд бүгд хамрагдаж болно. Гол нь 1995-2019 оны хооронд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй буюу тасарсан иргэд байх ёстой.
-Танай дүүргийн хэмжээнд хэчнээн хүн нөхөн даатгалд хамрагдаад байна вэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс хэдэн хүн тэтгэвэр тогтоолгон авч байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 2021 онд уг журмын хэрэгжилтийг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 62 иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн байна.
Нөхөн даатгалд хамрагдсан 62 иргэний ихэнх нь 50-иас дээш насны иргэд бөгөөд уг хуулийн дагуу нөхөн тооцуулсны үндсэн дээр тэтгэвэр тогтоолгосон байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн дагуу 15-60 насны иргэд хамрагдах боломжтой учраас залуучууд түлхүү хамрагдсанаар өөрсдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэнэ.
-Хуулийн хугацаа энэ оноор дуусгавар болно гэж ойлголоо, тэгэхээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?
-Хуулийн хугацаа одоо 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Дахин энэ хуулийн үйлчлэлийг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд маань амжиж нөхөн даатгалд хамрагдаарай.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.