МҮБХ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцож байна

2021-11-18 Амрах агшин

 

МҮБХ-оос өнгөрсөн аравдугаар сарын 28-нд допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийж, дөрвөн бөхөөс допинг илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн хугацаанд В сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа МҮБХ-нд мэдэгдэх байсан. Тэгвэл бөхчүүдийн 10 хоногийн хугацаа дуусаж, хариу ирүүлээгүй тул допинг хэрэглэсэнд тооцжээ.

Энэ талаар МҮБХ-ноос гаргасанд мэдэгдэлд ийн бичжээ.

“Журамд заасан хугацаанд нэг бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн. Гэвч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад “Б” сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан нэг бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхөд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.