З.Мэндсайхан: Монголд анх удаа ургуулсан “Хөсөг” цагаан будаа удахгүй иргэдийн гарт хүрнэ

2021-11-16 Мэдээ, мэдээлэл


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон газрын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа.

Хүнсний ногооны 99,1 хувийг хураасан буюу энэ нь 110 мянган тонн бөгөөд өмнө нь дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна гэсэн үг. Мөн 244,3 мянган тонн улаан буудайг хураан авсан. Гурилын үйлдвэрүүдэд гурван хувийн зээл олгох ажил зохион байгуулалтын шатандаа явж байна.

Энэ жил онцлох нэг таатай зүйл нь хувийн хэвшлийн “Жимекс” компани 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр та бүхний гар дээр очно” гэлээ.

Мөн Дархан-Уул аймагт арьс ширний боловсруулах үйлдвэр барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус аймгийг сонгосон шалтгаан нь байршлын хувьд хөрш улс руу гаргахад дөхөмтэй. Ингэхдээ 10 сая тонн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар нэгдүгээр сард багтаан ТЭЗҮ боловсруулж эхний ээлжид 4 саят тонн бог, 400 мянган тонн бод малын арьс шир боловсруулахаар төлөвлөж байна гэлээ.

Харин манай улсын стратегийн бүтээгдэхүүний нэг болсон махны хувьд, өнгөрөгч зургадугаар сараас хойш экспортлоогүй байна. Учир нь цар тахлаас шалтгаалан бусад орон манай улсаас мах импортоор авахгүй гэдгээ мэдэгдсэн гэв. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Дотоодын махны худалдааг дэмжих зорилгоор энэ жил төв суурин газарт махны нөөц бүрдүүлэх чиглэлд илүү онцгой ажиллаж байна. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэлд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Үүнд нийт 17 аж ахуйн нэгж хамрагдаж, одоогийн байдлаар 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл арилжааны банкууд дээр гарсан байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн агуулахад 6.1 мянган тонн мах нөөцлөгдсөн байна. Бид нөөцийн махаа харьцангуй эрт бэлдэж чадаж байна гэж харж байна. Энэ жил нийт 15 мянган тонн мах бэлтгэх зорилттой байгаа.

Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд бизнесийн зорилгоор нөөцийн мах бэлдэнэ. Аймаг орон нутгаас орж ирж байгаа стандарт, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг хөдөө аж ахуйг дэмжих санд бэлтгэнэ. Нийт 5,000 орчим тонн махыг нөөцлөх төлөвлөгөө гаргасан.

Ингэхээр хавар иргэдийн хүнсний гол хэрэгцээ болдог махны нөөцийг тодорхой түвшинд хангалттай бэлдэж, үүнийг дагасан үнийг тогтвортой байлгах бодлого байна. Энэ хүрээний зохион байгуулалтын ажлыг хийж дууссан. Үүнтэй холбоотойгоор удахгүй Улаанбаатар хотын 31 байршилд хөдөө аж ахуйн гаралтай өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.

Улаанбаатар хотын иргэдийн мах болон цагаан идээний хэрэглээг хямд үнээр дундын зуучлал орохгүйгээр нийлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэг ченж болон худалдааны байгууллагын нугалаа орохгүйгээр орон нутагт бэлтгэсэн мах болон цагаан идээг тээврийн зохион байгуулалттайгаар оруулан ирж,  хямд өртгөөр төв суурин газрын иргэдэд нийлүүлнэ гэсэн үг.

Тухайн худалдаанд хамт зүхэж, жижгэрүүлэх зэрэг үйлчилгээг хамт төвлөрүүлж иргэдийн өвлийн идшээ бэлтгэх арга хэмжээг хамтдаа зохион байгуулахаар цэг байршлуудыг тодорхой болгосон” гэв.

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.