Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Улсын маань нийслэл Улаанбаатар ч дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болохоор зорьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижууллаа.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21 цагаас болно. Тохижилт болон нээлтийн үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө.
Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэллээ. Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байна. Дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх юм. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Гудамжны нээлт маргааш буюу энэ сарын 8-ны пүрэв гарагт болно. Циркээс Brauhaus хүртэлх замыг хааж, 21:30 цагт албан ёсны нээлт эхэлнэ. Орчин үеийн хамтлаг, дуучдын болон жазз, сонгодог урлагийн тоглолт, гэрлэн шоу болно. Мөн бүх төрлийн худалдаа үйлчилгээ явагдана.” гэлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх шөнийн гудамжийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсныг хэлээд “Бид цаашид шөнийн гудамжийг тэлэхээр төлөвлөж байна. Жуулчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус энд амарч зугаалах, алжаалаа тайлах, урлаг соёлын тоглолт үзэх, амтат хоол зооглох, худалдаа хийх боломжтой.” гэсэн юм.
Та бүхэнд шөнийн гэрэлт гудамжны нээлтийн хураангуй хөтөлбөрийг хүргэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
06 дугаар сарын 08
“ГУДАМЖНЫ НЭЭЛТИЙН ӨДӨР”
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Гудамжны албан ёсны нээлтийн ёслол
Рок поп урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу
06 дугаар сарын 09
“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Классик болон жазз хөгжмийн тоглолт
Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт
Электро хөгжмийн шоу
06 дугаар сарын 10
“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр
Жазз хөгжмийн тоглолт
Жазз болон сонгодог урлагийн тоглолт
Үндэсний урлаг болон хувцас загварын шоу
06 дугаар сарын 11
“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр
Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн
Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай
Жазз хөгжмийн тоглолт
Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.