Орон нутгийн аялал жуулчлал-өнөө маргааш, алс хэт

2021-09-24 Нийгэм

Аян замын тэмдэглэл


I. “Суусан цэцнээс явсан тэнэг”

Аялал жуулчлал бол эдийн засгийг тэтгэж хөгжүүлэх чухал хүчин зүйлсийн нэг гэдгийг аль хэдийнээс л дээр дооргүй ярьцгаах болсон. Магад 10 гаруй жилийн өмнөөс Ховд аймгийн хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчиллыг бий болгож хөгжүүлэх төсөөлөл, ойр, хэтийн төлвийг авч үзэж эхэлсэн. Тэгээд 2015 онд аймгийн аялал жуулчиллын хөтөлбөрийг тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагуудаар захиалан хийлгэж, батлуулан, улмаар “Цайны зам” өв соёлын наадам, “Мөсний баяр” арга хэмжээ гэх мэт нийтийг хамарсан “эвент”-үүдийг (онцлог үйл явдал) тогтмолжуулахыг хичээх гэх мэтээр хэрэгжүүлэх ажлууд ч явагдаж ирэв. Тэглээ ч Ховд аймгийн хувьд аялал жуулчиллын бизнесийг дагнан эрхлэж, жуулчидад үйлчилдэг систем, харилцаа, холбоо хэлхээ нь төдий л биежиж өгөхгүй, зочид буудал, жуулчны бааз, гэр буудал, аяллын хөтөлбөр эрхлэгчдийн бааз суурь, үйл ажиллагаанд дорвитой ахиц дэвшил гарахгүй, түүнчилэн газар зүйн тогтоц, байгалийн сонин сайхан, баруун Монгол зоны унаган ахуй байдал, язгуур соёл гээд жуулчдын сонирхлыг татах хүчин зүйлс нэн арвин байтал жуулчид ирэх нь ховор хэвээрээ байсаар байгаа нь тухайн чиглэлд анхаарал хандуулж ажилладаг байгууллага, хүмүүст юм, юм бодогдуулсаар буй бололтой.

2020-2021 онд аймгийн аялал жуулчиллын салбарын хөгжлийн асуудлаар улс, бүс, орон нутгийн түвшинд мөнөө л хэд, хэдэн удаагийн онлайн хэлэлцүүлэг, зөвлөлдлөг, уулзалт сэлтийг зохион байгуулж, олонтоо санал солилцсоны үр дүнд тухайн асуудлаар нэгэн барьцтайхан сэжүүрийг олж барьж авсан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчиллын чиглэлээр арвин туршлага бүхий, тур оператор (зуучлан зохион байгуулагч) нэг хоёр компанийг сонгон холбоо тогтоож, түншлэн хамтарч ажиллах, улмаар аймаг орон нутагт аялал жуулчиллын бизнес эрхлэхийг хичээж, сууриа тавьж буй нөхдөд нөхцөл байдлыг таниулан, бусад газрын туршлага судлуулж, суралцуулах ажлыг сэдсэн явдал болно.
Дээрх сэдэл болгосон ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэн, тодорхой зорилтод чиглэгдсэн төсөл хэрэгжүүлэхээр болж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд Үндэсний томоохон туршлагатай компани болох Нью Жуулчин компани уг зорилтот төслийн зохион байгуулагч буюу чиглүүлэн дэмжигчээр шалгарчээ. Төслийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын эхэн, дунд хагаст Ховд аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон Аялал жуулчны холбооны төлөөллүүдээс бүрдсэн багийг нийслэл хотын орчим дахь төвийн бүсээр аялуулж, тухайн бүс нутагт аялал жуулчлалын бизнес эрхлэж буй газруудын амьдрал байдалтай танилцуулж, туршлага судлуулахын зэрэгцээ холбогдох байгууллага хүмүүстэй санал солилцох уулзалтууд зохион байгуулсан юм.

Туршлага судлах аяллын баг Улаанбаатарт хүрэлцэн очсон оройгоо “Эдельвейс” зочид буудалд байрлан хоноглох дашрамд, зочид буудлын үйлчилгээний байр байдал сэлттэй цухас танилцан, улмаар өглөө нь Нью Жуулчин компаний ажлын байранд зочилж, удирдлага ажил хариуцсан хүмүүстэй товч уулзалт хийж, аяллын хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл авахын зэрэгцээ түншлэж ажиллах болсон гол зорилготой холбоотой зарим асуудлаар санал бодлоо солилцоод, үд голлох үеэр Тэрэлжид байрлах тус компаний “Алунгоо” болон “Гүрү” нэртэй жуулчны баазуудад очихоор нийслэлээс хөдлөв.

“Нью Жуулчин” компаний хөтөч тайлбарлагч О.Булган гэх бүсгүй туршлага судлах аяллын туршид манай багт үйлчилж, хөтөч тайлбарлагчаар ажиллахаар томилогджээ. Анхны өглөө зочид буудлаас компаний ажлын байр луу явахын өмнөхөөс эхлээд гайд буюу хөтөч тайлбарлагч маань аяллын багт үйлчилж эхэлсэн бөгөөд нэг ёсондоо аяллын багийнханд хөтөч, тайлбарлагч чухам яаж ажилладагийг давхар харж, мэдэж суралцах боломжийг олгосон хэрэг байв. Өөрөө аливаад үлгэрлэж, аяллын хөтөлбөрийн дагуу цагийг яс баримтлахаас эхлээд, хөтөч тайлбарлагчийн наад захын соёл ажиглагдаж эхлэнэ. Тэрчилэн жуулчидад нэн ялангуяа гадаадын жуулчидад хөтөч тайлбарлагч хийнэ гэдэг үл анзаарагдам аахар шаахар, хийгээд “юмыг яаж мэдэхэв” гэдэгчилэн болзошгүй бүхий л асуудлыг урьдаас санаж, сэрж, болгоож таньж, басхүү урьд, урьдын өөрт болон бусдад тохиолдож байсан туршлаганд дулдуйдан, алив бүхнийг нэгд нэгэнгүй тодорхой тайлбарлаж, элдэв эрсдлээс хүртэл жуулчдыг хамгаалахад хамаг хүч анхаарлаа шавхаж байдаг ажил юм байна гэдгийг хөтөч тайлбарлагч Булганаас сайтар ойлгож мэдэв. Жишээлэхэд Булган маань автобусанд буух, суухаас эхлээд замд саатаад мордох, хоноглосон газраасаа хөдлөх тэр бүрийд эд зүйл, юм хумаа мартуузай гэдгийг заавал сануулж, цүнх, хэтэвч, гар утас, аппарат камер гэх мэтээс өгсүүлээд үнэтэй цайтай юм хум тань байх ёстой газраа байгаа эсэхийг шалгаарай ! гэж нэг бүрчлэн тоочин сануулна. Гадаадын жуулчидтай ажиллаж байхад тохиолдсон гэх сургамжтай, зарим талаар хөгтэй ч гэхээр олон жишээнүүд ярианы завсарт дурьдаж байснаас сонирхуулбал намар оройхон жуулчны баазад хоноглосон зочдод хөтөч тайлбарлагч нь хоноглож буй Монгол гэрийнх нь онцлогийн талаар таниулан тайлбарлаж, шөнө орой даарвал галч нарыг дуудаж гал түлүүлж болно гэдгийг хэлж, бороо орвол өрхийг нь ингэж татна хэмээн зааж өгсөн юмсанж. Гэрт буй зочдыг унтахын алдад галч ирж зуухыг галалсан ба шөнө дунд гал унтарч гэр хөрөх аястай болсонд жуулчин мэдэмхийрэн гал түлэх гэж оролдож байгаад хувцсаа түлж орхисноор зогсохгүй шөнө бороо орж, тэнгэр дуугармагц жуулчин тооно нь шилэн рамтай битүү болохыг үл хайхран, өрхийг битүүлэн татаж орхисон тул их гал өрдсөн янданд өрх нь түлэгдэж сүйд болох шахсан аж. Морин аялалд гадаад жуулчдыг авч явсан хөтөч, орчуулагч төдий хашир бус эмэгтэй хүн байсан агаад нэг жуулчны унаж явсан морийг хөх түрүү хазсаны улмаас морь нь ухасхийн урдаа явсан жуулчны морины жолоонд хүзүүгээ оруулан пижигнэн зүтгэсэн нь өмнөх жуулчдын унаж явсан мордыг үргээн, тавуул зургуул морьдоос унаж, газарт цацагдсан гэх мэт. Хөтөч тайлбарлагчийн хувьд энэ мэт болзошгүй таагүй зүйлүүдээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч сануулж, тайлбарлах бүхий л зүйлсийг хэлж ярьж өгөх, түүнчилэн аяллын хөтөлбөрийн дагуух явах саатах, буух суух цаг, зүг, газар орны таниулга, буудаллах буудал, баазуудын нарийн ширийнийг нэг бүрчлэн тайлбарлах нь маш чухал байдаг байна.

Тэрэлжид буй “Нью Жуулчин” компаний “Алунгоо” жуулчны баазын гэр буудлууд, зоогийн газар болон бусад зүйлс, орчны тохижолт сэлтийн хийц маяг нь үндэсний онцлогийг түлхүү агуулснаас гадна тав тухын хувьд чухам тансаг зэрэглэлийн бааз юм. Гэр буудлууд нь гэхэд газраас тохой хэрээс аваад мухар алд өндөр хөндий тавцан дээр баригдсан, модон шатаар өгсөж хаалганд хүрдэг, хаалганы гадна тавцантай, голдуу нэгээс, хоёр ортой, дотроо бие засах өрөө, ариун цэврийн өрөө, халуун ус, шүршүүртэй, шалны халаалттай, давхар бас гэрийн дулааны хэмийг тохируулах, агааржуулах төхөөрөмжтэй, цэвэр бохирын системтэй, чухам хотын өндөр зэрэглэлийн зочид буудлаас ялгаагүй бөгөөд гэрийн ханыг салхи шуурганд хөдөлгөөнгүй байлгахын тулд модоор гоёмсог хүрээ хийж, түүнд бэхэлжээ. Зоогийн газар нь мөн л Монгол гэрийн хийц маягийг улам боловсронгуй болгох замаар хийгдсэн, гурван тасалгаа бүхий, наран талдаа цэлийсэн цонхтой, үүдэн хэсэгтээ, хаалганы гадна уужим том тавцантай аж. Жуулчны баазын хойд биед төрөл бүрийн жимсний модууд тариалсаар жимсний төгөл бий болгожээ. Тэрхүү төгөлд есөн зүйлийн шувууд чуулж, тэр нь жуулчдын сонирхлыг татах бас нэгэн өвөрмөц зүйл болдог байна. Газрын өндөрт буй байгалийн усыг аясаар нь, тусгай хоолойгоор урсган, жуулчны баазын зүүн талд буй хадан дээрээс унагах замаар бяцхан хиймэл хүрхрээ үүсгэж, түүнийхээ дэргэд жуулчдын тухлах суудал, сүүдрэвчүүдийг засаж бэлдсэн байх. Нью Жуулчин компаний үйл ажиллагааны гол зарчим нь аялал жуулчлалыг байгальд ээлтэй, эко байдлаар зохион байгуулж хөгжүүлэх, орон нутаг руу хандсан үйл ажиллагаандаа мөн байгальд ээлтэйгээс гадна нутгийн иргэд, малчдын унаган ахуй байдалд түшиглэсэн этно буюу угсаалаг, уламжлалт зүйлсийг чухалчилах явдал хэмээн компаний удирдлага, ажил хариуцсан хүмүүс ярьж байсан нь үйл байдал дээрээ ч харагдаж байв. Эднийх Тэрэлж орчмоор нутагладаг малчин айлуудтай түншлэн ажиллаж, Монгол унаган ахуй, амьдрал, аж байдлын онцлогийг жуулчдад сонирхуулах, таниулах үйлчилгээг үзүүлдэг ба тэдгээрийн нэг нь болох малчин айлд биднийг аваачин уулзуулсан юм. Гэрийн эзэгтэй Лхамноржмаа өрх гэрийнхээ жуулчид руу чиглэгдсэн бүхий л ажил үйлчилгээгээ хариуцаж, зохицуулдаг аж. Ирсэн жуулчдад мал ахуйгаа эрхлэх, сааль сүү саах, цагаан идээ боловсруулах, тогоо нэрэх, сүү цагаа ээдүүлэн, бяслаг шахах зэргийг нүдэн дээр нь хийж үзүүлээд, боловсруулсан үйлдэхүүн, бүтээгдэхүүнээрээ халуун эсрэг дээр нь жуулчдыг дайлдаг, өөрөө гар бие оролцохыг хүссэн жуулчдад зааж өгч оролцуулдаг, тэнд хонож өнжиж ажиглах, мэдрэх гэсэн жуулчдыг гаднаа барьсан гэр буудлууддаа (илүү гэр) байлгаж, Монгол ахуйг таниулах үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тэр бүр нь тодорхой үнэлгээтэйгээс гадна сэтгэлд нь таалагдсан жуулчид гарын мөнгө ч өгдөг гэнэ. Ингэж жуулчидад үйлчилж, цаг наргүй, борви бохисхийхгүй ажиллахын хэрээр “хүн нэрээ, тогос өдөө” гэдэгчилэн цэвэрч, нямбай байдалдаа ч улам их анхаардаг болж, ажил, ахуйн зохион байгуулалт, цагийн хувиарлалт зэргээ зохицуулах чадвар ч улам сайжирдаг хэмээн гэрийн эзэгтэй Лхамноржмаа ярьж байв. Хөтөлбөрт мөнхүү Нью Жуулчин компанитай түншлэн, жуулчдад үйлчилдэг казак айлаар зочилж, туршлагыг нь судлах үйл ажиллагаа байсан авч тэр айлынхан Баян-Өлгий яваад ирж амжаагүй, эзгүй байсан тул энэ маань талаар болов.

Биднийг тухайн өдрийн хөтөлбөрөө дүүргээд, “Нью Жуулчин” компаний “Гүрү” жуулчны баазын зоогийн газарт оройн хоол идэхээр явж орвол зоогийн өргөөнд хоёр цагдаа хоол идэж суув. Энэ бааз бас цагдаа хамгаалагчтай юм байж хэмээн дотроо таамаглаж суугаад, дараа асуувал тэр хоёр цагдаа тэднийтэй хамаагүй, харин Тэрэлжийн жуулчны баазууд “ковид” цар тахлын үед Засгийн газраас гаргасан дэглэм зөрчиж, жуулчин, амрагчдыг хүлээн авч үйлчилж байна уу, яаж байна гэдгийг тандан шалгаж, нийслэл хотоос яваа “туршуул” байжээ. “Иймэрхүү тандуул, туршуултай, хавчлага, хяхалттай л аж төрж байна даа” хэмээн жуулчны баазынхан энүүхэндээ учирлав. Цар тахлын хууль гэгч нь үйлчилж эхэлснээс хойш жуулчны баазууд ердийн журмаар үйлчилгээ явуулах нь хориотой болсон болохоор тухайн хуулинд тохируулан, зөвшөөрөл авсны үндсэн дээр, нэг удаад таваас илүүгүй хүнтэй гэр бүлийн хүмүүст хоногоор үйлчилэх, эсвэл нялх нойтон хүүхэд, өндөр настантай, хавар, зуны улиралд зайлшгүй хөдөө гарч, агаар салхинд байх шаардлагатай өөрийн гэсэн зуслангийн газаргүй, хашаа гэргүй айлуудад гэр буудлаа хямдхан тохирч түрээслүүлэх гэх мэт арга чарга хэрэглэх болсноо сонирхуулж байв. Бизнесийн байгууллагын бизнес үйл ажиллагаа зогсвол тэр олон (хэдэн зуун) ажиллагсдын цалин хөлсийг яаж залгуулах гэхээс авахуулаад бөөн зовлон үүсэх нь ойлгомжтой. Биднийг очих үеэр Засгийн тогтоосон дэглэм, хавчлага нь улам чангарсан бололтой жуулчны баазууд ганц ч үйлчлүүлэгчгүй байв. Бидний ажигласнаар бол чухам цар тахлын үед хүмүүс хууль, ном сахих, сахиулах тухайд учраа мэддэг, өндөр соёлтой, үйлчилгээний арвин туршлагатай ийм газарт, задгай агаарт, хоорондын зай, нягтралын хувьд солгом (холхон зайтай) зохион байгуулалтаар баригдсан эдгээр гэр баазад, ирж амарч, хонож өнжвөл харин ч ковидоос сэргийлж, дархлаагаа дэмжихэд илүү тустай баймаар санагдаж байв. Гэлээ гээд цар тахлын түр хууль гэгч нь хэдий олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байгаа ч, өнөө цагийн дарга мэдэлтнүүд түүнийгээ сайтар нягтлахыг хүсэхгүй байгаа болохоор яалтай.

Бид мөн нийслэлээс 60-аад км-т, Төв аймгийн Аргалант сумын нутаг Шивэр хайрхан уулын өвөрт, Ар улаан гэх газарт байх “Монгол номадик” жуулчны баазад зочилж хоноглон, жуулчдад зориулан зохион байгуулдаг Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэртэй нь танилцаж, уран зургийн галерей үзэж, уг баазын туршлагыг судлав. Монгол номадик баазын хувьд үндэсний соёлын үнэт зүйлсийг түшиглэн аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг чухалчилдаг гол онцлогтой аж. Баазын эзэн нь зураач уран бүтээлч нэгэн бөгөөд биднийг зочлох өдрүүдэд уг баазын галерейд Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай зураач Амарсанаа гэх залуугийн бие даасан үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Гэр буудлууд нь тус бүрдээ нэг, хоёр, эсвэл гурван ортой хийгээд харин ариун цэврийн болон бие засах газар нь нийтийн, зоогийн газар нь мөн гэр хэлбэрийн шийдэлтэйгээр, үүдэн хэсэг, гал зуух, тэндээсээ хоёр тийш салаалж залгагдсан зоог барих өргөө гэсэн зохион байгуулалтайгаар хийгдсэн. Зоогийн өргөө нь нэг гэртээ (тасалгаа) 50 орчим хүний суудалтай аж. Гэр буудлуудыг мөн газраас тохой хэр өргөгдсөн бетон тавцангууд дээр барьж, модон шатаар өгсөн хаалга руу ордог байдлаар хийжээ. Гэрүүдийн үүдэн хаалгыг вакум хүрээ бүхий зузаан шилээр хийж, дотор модон хавтасанд нь хээ угалз сийлэн, чимэглэжээ. Зоогийн газрын дотоод байдал ч эгээ асар том Монгол гэрт сууж байгаагаас өөрцгүй. Биднийг баазад хүрч очиход үдийн хоолны цаг нэгэнт болсон байсан тул баазын эрхлэгч нар угтан аваад, зоог барихыг урив. Тийнхүү зоогийн өргөөнд зочилж Монгол хорхог тэргүүтнээр дайлуулан зоог бариад гарч ирвээс баазын хүрээнээс төсөрхөн урд зүгт байх гаднаа мал ахуй, тэрэг тэнжээ болсон хэдэн гэрийн тэндээс морь, сарлаг, тэмээ хөлөглөсөн хэсэг хүмүүс биднийг угтан айсуу. Бид жуулчны баазын үүдээр гадагш гарч, хүрээний гадна зогсож байтал тэдгээр хүмүүс дэргэд хүрэлцэн ирсэн бөгөөд амар мэндийг мэдэж, “баазад зочилсон та бүхнийг Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэр сонирхохыг урьж байна. Сонирхож байгаа хүмүүс шууд эндээс морь, сарлаг, тэмээний аль дуртайгаа унаад тийш явцгаагаарай” гэх юм. Манай багийнхан болон тэнд зочилж байсан бас бус хүмүүсээс тэдгээр сарлаг, морь тэмээн дээр мордоцгоосон ба хөтөч нар нь тэдгээрийг хөтлөн, урд харагдаж буй хот айл руу (гэрүүд) явцгаав. Хот айлын гадна хүрэлцэн очиход жуулчдад үзүүлдэг үзүүлбэрийнхээ учир холбогдлыг товч танилцуулаад, баруун талын гэрт бүгдээрээ орохыг урьсан ба тэр гэрт орвоос эрт цагаас Монгол айл өрхийн хэрэглэдэг байсан эдлэл хэрэглэлүүд нүднээ тусна. Баруун хатавчинд айргийн ширэн хөхүүр, ширэн богц, айргийн модон хувингууд гуулин домбо, ган тулга, зэс тогоо сэлтийг эгнүүлж, зүүн биенд эрэгнэгийн тулгуураас өлгөөтэй аяны хүн цай давс, нүдэж бэлтгэсэн борц сэлтээ хийж авч явдаг жижиг танжаа, түүний доохнуур гуулин шанага халбага сэлт харагдана. Хоймроор эрээн авдар түүний дээр модон хүрээ бүхий бурхан тахил өрөөтэй.

Хүмүүс гэрт зочилж, гэрийн эзэн мэнд мэдэн, хөөрөг зөрүүлж, эзэгтэй цай идээ барьж байх зуур үүд хавьцаа зогссон идэр насны эр гэр дотор өрнөж буй мэндлэх хүндлэх ёсноос эхлээд, гэрийн бүтэц, хийц, айл гэрийн ахуй заншил гээд бүгдийг тайлбарлаж ярьдаг тухайгаа бидэнд таниулан, үлгэрлэж үзүүлэв. Энэ маань гадаад жуулчдыг зочилох үед явагддаг зүйл ба ийм байдлаар жуулчдад үйлчилэх үйлчилгээг зохион байгуулдаг гэдгээ бидэнд таниулах зорилгоор тайлбарлан ярьж буйгаа мань эр учирлаж байв. Монгол үндэсний ахуй соёлын үзүүлбэрийн хөтөч тайлбарлагч Лантуу гэх тэр хүн зочдын нэгнийх нь асуусан асуултын хариуд сонин болгож ярьсан нь: “Гэрийнхээ үүдийг яагаад заавал урд зүг рүү харуулж барьдаг гэх мэтийг жуулчид асууна. Тэгэхээр бид өглөө нар урд зүгээс тусдаг учир Монголчууд гол нь тооноор туссан нараар цагаа баримжаалахын тулд гэрийн үүдийг урагшаа харуулж барих ёстой болдог гэж хариулна. Тэгмэгц нар харагдахгүй, тэнгэр бүрхэг байхад тэгвэл цагаа яаж баримжаалах юм гэх мэтээр мушгиад эхлэнэ. Тэр тусам бид тийм үед гадаа байх үнээ малынхаа хэвшсэн байц хөдлөл, хэвтэж босох, бэлчих зэргээр бас баримжаална гэх зэргээр нарийн ширийн рүүгээ орох жишээтэй. Гэрийг хэрхэн яаж барьдаг, унь, хана нь хэд салж яаж эвхэгддэг, хэрхэн ачаалж, нүүж суудгийг ч ярьж өгөх хэрэгтэй болдог. Гэрт англи хэлтэй нэг хэсэг, япон хэлтэй нэг хэсэг, хятад хэлтэй, солонгос хэлтэй, герман, франц хэлтэй гэх мэт жуулчид хэсэг хэсгээрээ орчуулагчтайгаа хамт сууна. Тэгээд бидний тайлбарыг сонсож байснаа хоорондоо мэтгэлцээд эхлэх нь ч бий. Түүнийг нь улам хөхиүлээд мэтгэлцүүлэх нь ч бас зүгээр байдаг. Ардын урлагийнхаа дугарааг өргөн барьсны дараа тэд өөр, өөрсдийн зүгээс үндэсний дуугаараа ая өргөх их дуртай байдаг” хэмээсэн. Ийнхүү анхдагч таниулга, тайлбар явагдсаны дараа тогоо нэрэх, эсгийний ноос савах, зулах, эсгий хийх, шагай харвах, шагай шүүрэх, зэргийг үзүүлж, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээн тэрэг хөллөн, хөсөг хөдөлгөж, жуулчдыг хөсгөнд суулган, тодорхой зайнд аялах, мөн морин аялал, тэмээн аялал зохион байгуулах үйлчилгээнүүдийг жуулчдын тус тусын сонирхол хүсэлтийн дагуу явуулдаг юм байна. Энэ бүхнийг бий болгож бэлтгэхэд морь, тэмээ, үхрээ бэлтгэх, сургаж номхруулахаас эхлээд тэрэг чаргуудыг нь бэлтгэх, ахуй соёлын эд хэрэглэгдэхүүнүүдийг цуглуулах гээд хичээл зүтгэл, цаг хүч ихээхэн шаардагдах нь ч мэдээж.

Эдгээр томоохон жуулчны баазуудын хувьд гэр буудлын ор хоногийн төлбөр нь ангилал, зэрэглэлээсээ хамааран, нэг хоногт 200-350 мянга орчим хоол унд, үзүүлбэрүүд, бусад үйлчилгээнүүд нь тус тусдаа тогтсон үнэтэй байдаг байна. Жишээлэхэд морин аялал, үхэр, морь, тэмээн тэргээр аялуулахад нэг цаг нь нэг жуулчинд 30-40 мянга гэх мэт байдаг гэнэ. “Монгол номадик” баазын бас нэг онцлог нь оюуны болон урлагийн бүтээлүүдийг жуулчидад дэлгэж, тэдний оюуны хэрэгцээнд үйлчилэх үйлчилгээг бий болгосон явдал. Уг баазын уран зургийн галерей нь мөн л Монгол гэр хүрээний зохион байгуулалтаар, үзэсгэлэнгийн гол танхим нь магад 100 орчим метр квадрат талбай бүхий гурван том гэрийг нийлүүлж, гурван хэсэг бүхий дугуй танхим маягаар баригдсан, тэдгээрээс залгуулаад жижгэвтэр 10-аад гэрээр хүрээ үүсгэж, хүрээний дундах талбайд жуулчдын амрах талбарыг засаж бэлдсэн нь их аятайхан санагдсан. Дээр цухас дурьдсанчилан бие даасан үзэсгэлэнгээ толилуулж буй зураач Амарсанаа нь Ховд аймгийн Чандмань сумын гаралтай нэгэн бөгөөд үзэсгэлэнд хэд хэдэн төрөл зүйлээр туурвин бүтээсэн 100 гаруй бүтээлээ дэлгэн тавьжээ. Зураач уран зургуудаас гадна Монгол уран бичлэгийн (калиграф) бүтээлүүд хийдэг бөгөөд жуулчид болон зочдод хүссэн үг, үгүүлбэрийг нь уран бичлэгээр бичиж өгч үйлчилдэг ажээ. Ийнхүү аяллын зам цааш үргэлжлэх тусам ёстой л нөгөө “суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг хэлц үг санаанд бууж байв.

II. “Долоо хэмжиж нэг огтлох”-ын учир

Туршлага судлах аяллын чухал ач холбогдолтой нэг хэсэг нь жуулчны тур оператор (зуучлан зохион байгуулагч, үйлчилгээ үзүүлэгч) компаниудтай түншлэн, жуулчдад өөрсдийн аж байдалд тулгуурласан бизнес үйлчилгээ үзүүлдэг малчид, малчны нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг судлах явдал байсан. Энэ чиглэлээрээ бид “Нью Жуулчин” компаний түнш малчнаас гадна Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсэд хамаарах Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зарим малчид, малчдын нөхөрлөлөөр зочлов. Төв аймгийн Алтанбулаг сумын “Баян сонгинт” нөхөрлөлийг эрхлэн удирддаг Малчин Батчулуун Хустайн нурууны зүүн биед намаржиж байна.

Анх нөхөрлөл болж гар урлалын бүтээгдэхүүн хийж зарах зэргээр орлогоо нэмэгдүүлэхэд хичээж байсан малчин өрхүүд Хустай дахь жуулчны баазын тусламжтайгаар жуулчид хүлээн авч үйлчилдэг болсон нь тэдэнд шинэ боломж олгож, улмаар шинэ сэдлийг ч бий болгожээ. Хэдэн жилийн өмнө Улаанбаатарт зохион байгуулагдсан аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт нөхөрлөлөө төлөөлөн оролцож, тур оператор компаниудтай холбоо тогтоон, гэрээ байгуулах болсноор жуулчин тасрахгүй болсон байна.

Гэвч “ковид” цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд жуулчид ирэх боломжгүй болсон нь ер тиймхэн санагдаж байна” гэж эхнэр Оюунчимэг нь ярив. Эднийхэн мөн л аж төрлөө эрхлэн хөтлөх, үхэр малаа саах, сүү цагаагаа хөөрүүлж, цагаан идээ боловсруулахаас эхлээд нүүж суух хүртэл өдөр тутмын аж байдлаа жуулчдад таниулж, заримыг нь гаднаа барьсан гэр буудал (илүү гэрүүддээ) хэд хоногоор байлган, сонирхож гар бие оролцох гэсэн зүйлд нь зааж хэлж өгч, гар хуруу дүрүүлэх гэх мэтээр тэдний сонирхсон бүхэнд үйлчилж, бас идээ цагаа, эсгий ноосоор урласан гар урлалын зүйл, оёж шидсэн зүйлсээ жуулчдын сонирхсоны дагуу зарж борлуулах нь ч бий гэнэ. Жуулчинд үйлчилнэ гэдэг бас хариуцлага дагалдана, адаглаад ариун цэвэрч байдлаа дээшлүүлнэ гэдгийг эднийхэн мөн л дурьдаж байна. 2017-2018 онд Баянсонгинт нөхөрлөл 10 гаруй тур оператор компанитай гэрээ байгуулж, нэлээд олон жуулчин авсан. Хустайн нурууны орчны бүсийн гурван сумын хүрээнд иймэрхүү байдлаар ажиллаж буй 10-аад нөхөрлөл бий гэж тэд ярьсан. Энэ бүхнийг харж, сонсож, ажиглаж судлаж явахад нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчиллыг болдог бол бүхий л сум, багт хүртээмжтэйгээр нэвтрүүлж, үр шимийг нь жигд хүртээвээс тустай баймаар санагдах. Гэвч нөхцөл байдал тийм бус байгаа нь лавтай. Харин “Баян сонгинт” нөхөрлөлийнхөн “Хонины найр“ хэмээх нэртэй “эвент” арга хэмжээг (онцлог үйл явдал) жил бүр тогтмолжуулан явуулдаг болоод байгаа гэнэ. Үүнд баг, сумын нэлээд олон малчид хамрагддаг ба уг арга хэмжээний үеэр малчид малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ борлуулах, жуулчдад зориулан мал ноослох, саах, тэр ч байтухай хүүхдүүдийг ирэг унуулж уралдуулах гэх мэт хөгжилтэй үзүүлбэрүүд үзүүлж, сүүлдээ тасалбар борлуулдаг болсон гэнэ. Энэ үйл ажиллагаанд зөвхөн гадаадын жуулчдаас гадна нийслэл хотоос дотоод жуулчид ч олноор ирж, сонирхон оролцдог гэх. “Сүүлийн хоёр жил жуулчин ирэхээ болиод, аж байдал маань ч гэсэн нэг л идэвхгүй, ундуй сундуй болох шиг” хэмээн гэрийн эзэгтэй цаанаа санаашрангуй үгүүлэх. “Эко хөгжил” нөхөрлөлийн малчин Ганчулуун, эхнэр Сийлэгмаа нарын хувьд мөн 2013-2014 оноос хойш аялал жуулчиллыг хэрхэн нутагшуулж байгаагаа ярьж, ихээхэн өөдрөг сэтгэгдэлтэй байсан юм. Ийнхүү хөдөөгийн нөхцөлд, олон хоногоор буудаллах жуулчин авч үйлчилдэг малчид, нөхөрлөлүүдийн хувьд бие засах газар, ариун цэврийн байгууламж зэргийг илүү дэвшилттэй соёлжингуй байдлаар шийдэхийн тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй юм хэмээн бодогдож байв. Олны хөлөөс зайдуу, хүний мөрөөсөл болох шахам байдаг малчдын хувьд жуулчдыг хүлээж авч, тэдэнд үйлчилэн, ядаж л гангар гунгар гэж байх нь сонирхолтой байлгүй ч аргагүй. Гэвч нутгийн иргэдэд чиглэгдсэн (түшиглэсэн) аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч хэтийн төлөв байдлыг нь ажиглаж судлаж, эерэг, сөрөг үр дагаварыг нь судлаж, тооцох шаардлага ч байж таарна хэмээн хувьдаа мунхаглав. Дор хаяхад л машин тэрэгтэй нааш цааш зорчих гадаад, дотоодын жуулчид улам ихээр нэмэгдэх тусам байгалын унаган ахуйд төдий анзаарагдам биш ч гэсэн нөлөөлөх нь магад.

Нар хойд зүгт уулсын тэргүүн лугаа дөтлөхийн үес бид Батчулууны хотноос мордон, Хустайн нуруун дахь зэрлэгшүүлэн өсгөж буй тахийн бэлчээрээр дайрч, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүрэхээр хөдлөв. Замын турш тэнгэр харанхуйлан, усан бороо шавшиж, яг тахийн гол бэлчээрт очиход машинаас бууж суух ч нөхцөл маруухан байсны дээр, тахийн сүрэг борооны улмаас нөмөр нөөлөг бараадан дайжсан бололтой, зам дагууд цөөн хэдэн тахьтай л тааралдав. 1990-н хэдэн онд энд Герман зэрэг улсуудын амьтны хүрээлэнгээс 30, 40-өөс хэтрэхгүй тахийг зөөвөрлөж авч ирэн, нутагшуулж байсан бол өдгөө тоо толгой нь 300 гаран болтол өсөхийн зэрэгцээ, тэжээвэр, номхон байдал нь өөрчлөгдөж зэрлэгшин, машин тэрэг байтухай хүний бараа харангуут үргэн хулжих нь энүүхэнд болжээ. Тийн явсаар хамгаалалтын захиргаанаас 10-аад км-ын наана байх давааны оройд яг гардагийн даваан дээр бидний сууж явсан дунд оврын япон автобус маань шавхайрч гулгаа үүссэн огцом замаар зүтгэх чадалгүй болж, сав л хийвэл шарван, замын хажуу руу бөгсөө шидэж, суучихаад урагш хөдлөхөө болив. Дашрамд дурьдахад бид хэдий цөөхүүл 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан ч 30 орчим хүний суудалтай автобус хөлөглөсөн нь “Нью Жуулчин” компаниас “ковид” цар тахлын дэглэмийг баримталж, нэг эгнээ бүхий суудал дээр зөвхөн нэг зорчигч сууж явах, аяллын туршид амны хаалтаа байнга зүүж, гараа ариутгаж, биеийн халуунаа тогтмол хэмжих гэх мэтийг чанд сахихаар зохион байгуулсны учир бөгөөд үүнийг аялал эхлэх үед л хөтөч тайлбарлагч маань тодорхой ойлгуулсан юм. Бидний автобустай хамт зарим нөхдийн сууж явсан жип машин явсан ч автобусыг чирч татах боломж хомс хэмээн үзсэний улмаас хөтөч тайлбарлагч маань хамгаалалтын захиргаа руу утасдан, пургон машин дуудуулж, бид автобус, ачаа сэлтээ орхин, УАЗ пургон машинд биесээ сууж, хамгаалалтын захиргааг бараадав. Гэвч биднийг тэнд хооллож, бас Хустайн байгалийн цогцолборт газрын тухай баримтат кино үзэн саатах зуур, жолооч, хөтөч нар маань пургон болон жип машинтай буцаж очоод, автобусыг даваан дээр татаж гаргаж чадсанаар бид хөтөлбөрийн дагуу хоноглох газар болох “Монгол номадик” бааз руугаа явах боломжтой болсон юм.

Туршлага судлах аяллын хөтөлбөрийн хүрээнд өрнөсөн зарим чухал уулзалт, яриануудыг онцлох нь зүйтэй гэж бодно. Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн Я.Отгонбаяртай уулзах үед тэр хүн ихэд илэн далангүй, шулуун шудрагадуу яриа өрнүүлэв. Анх 2012 онд Хөвсгөл аймагт аялал жуулчиллын бизнес эрхлэх болсон хэдэн бизнесменүүдийг АНУ-д явуулж туршлага судлуулжээ. Тэнд үзэж, харж, ойлгож таньсан дээрээ дөрөөлөн, туршлага судалсан хэд санаачилж, 2013 онд Хөвсгөл аймгийн Аялал жуулчиллын холбоог байгуулсан байна. Тэгээд аялал жуулчиллыг хөгжүүлэхийн төлөөнөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн ч, гол төлөв төрийн бодлого, үйл ажиллагаанаас улбаатай саад, тотгор мундахгүй болсон гэнэ. Холбооны гишүүн компаниуд аялал жуулчлалын бизнес эрхлэх зөвшөөрлөө сунгуулах гэж албан хүсэлтээ хүргүүлэхэд ямар ч хариу байхгүй таг чиг болдог, эсвэл сунгах боломжгүй хэмээн элдэв шалтаг хайдаг. Хэдэн сараар яамны үүд сахих, хууль дүрмийг нь сануулж, ширүүлж нэг үзэх, аргадаж эвлэж нэг үзэх, бүүр ядаад яравгар, гэдгэр мэргэжилтэн, түшмэлүүд рүү нь хоол унд барьж гүйх ч шаардлага тулгардаг гэнэ. Тэгж аргадаж, ааш авирыг нь зөөллөж байж, сая нэг ажлаа бүтээдэг нь бодит үзэгдэл аж. Аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл авахын тулд үнэлгээний мэргэжлийн компаниар үнэлгээ хийлгэх хэрэгтэй болдог. Гэтэл дөнгөж бизнесд хөл тавих гэж аялал жуулчлалын зөвшөөрөл хүсэгчдэд 10.0 сая гэх мэтчилэн дааж давшгүй өндөр үнэ хэлдэг. Бодит байдал дээрээ үнэлгээний компани гээд ар өврийн хаалгаар зөвшөөрөл авчихсан нэг нөхөр байж байдаг. Боловсон хүчин байхгүй. Тэгээд үнэлгээний ажлын санал орж ирэнгүүт мэргэжилтнүүдийг хөлслөж ажиллуулах хэрэгтэй болдог. Нөгөө мэргэжсэн хүмүүс нь өндөр цалин хөлс нэхдэг гэх мэт бөөн асуудал байдаг бололтой. Хөдөө орон нутагт байгуулсан баазуудын хувьд боловсронгуй болгох шаардлагатай нэг чухал асуудал нь бохир зайлуулах технологи, шугамын шийдэл байдаг. Шийдлийг арай ахицтай болгохын тулд Хөвсгөл дэх хэд хэдэн компани бохирыг саарал ус болгож, зарим хэрэглээнд ашигладаг технологи бүхий төхөөрөмж тавиулсан ч тухайн технологийг ашиглах зөвшөөрлийг хаанаас, хэн өгөх тухайд одоо болтол шийдвэрлэж чадаагүй байдаг юм байна. Хөвсгөл дэх аялал жуулчиллын нэгэн эвент (онцлог үйл явдал) гэж алдаршаад байгаа, Хөвсгөл далай дээр болдог “Хөх сувд” мөсний баярыг Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбооноос 2013 оноос ихээхэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн байж, өр ширэнд орохыг ч тоолгүй жинхэнэ өв соёлын “эвент”-ийн хэмжээнд зохион байгуулах болжээ.

Тэрбээр Хөвсгөл нутгаас гаралтай, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаар аялж, ажиллаж, уран бүтээл хийдэг мэргэжлийн өндөр түвшний урчуудыг уг арга хэмжээнд хамтарч, мөсөн болон бусад урлалуудыг бүтээлгэхээр хүсэлт тавихад үнэлгээ нь айхтар өндөр байжээ. Тиймээс “хамтарч нутагтаа тустай, ирээдүйд хэрэгтэй зүйл бүтээцгээе, үнэ хөлсөө хямдруулж, тал хувиар нь тооцож өгөөч” гэсэнд тэдгээр урчууд цааргалсангүй, дуртай хүлээн авч ажилласан бөгөөд далайн мөсөн дээр түүх соёлын үл хөдлөх дурсгалуудаас эхлээд жуулчдын гайхшийг төрүүлэх жинхэнэ урлагийн цогцолбор сүндэрлэн босож, жуулчид, оролцогсод ч аргагүй татагдсан байна. Эхний жилдээ оролцогсдод тасалбар зарахгүйгээр зохион байгуулсан тул алдагдалд орж, дараа жил нь тасалбартайгаар зохион байгуулж байж, өмнөх арга хэмжээнийхээ үеэр тавьсан өрийг төлсөн. Дээрээс нь тасалбар мөнгө хураах ажил хариуцаж байсан хүмүүсийг зарим нөхдүүд уг арга хэмжээгээр далимдуулж, их хэмжээний мөнгө идсэн гэх мэтээр нийгмийн сүлжээгээр гүтгэж, эрсдэл ч ихээхэн үүрчээ. Ингэж зовж зүдэрч босгосон ажлын үр шимийг яг үзэх аядаж байтал аймгийн Засаг дарга уг арга хэмжээг өөрийн мэдэлд авахаар шийдвэрлэж, 2018 онд төсвөөс 800.0 сая төгрөг гарган зохион байгуулсан боловч чанар, үр өгөөжийн хувьд урьд жилүүдийнхээс хувь дутуу болж, дор хаяхад нөгөө гайхам урлагийн бүтээлүүд ч хийгдээгүй тул жуулчид болон оролцогсдын сонирхол буурах тийшээ хандсан байна. “Урьд жилүүдийн “Хөх сувд” мөсний баярыг Хөвсгөл аймгийн аялал жуулчилын холбооноос эрхлэн, 60-70 сая төгрөгний өртөгтэйгээр зохион байгуулж байсан атал аймгийн Засаг дарга мэдэлдээ авмагцаа төсвөөс 800.0 сая төгрөг зарах хүртэл хөрөнгө оруулалт нь 8-9 дахин нэмэгдсэн. Гэтэл чанар, үр өгөөж нь эсрэгээрээ хэд дахин дордсон” хэмээн холбооны төлөөлөл ярьсан юм.

Энэ мэтээр ашиг завшаан булаалдах байдлаар “эвент”-ийн (онцлог үйл явдал) үнэ цэнийг бууруулах болсноос гадна аялал жуулчиллыг төлөвлөлтгүйгээр явуулж, хаа хамаагүй газар олгож, эрх мэдэлтэй, улс төр бизнесийн бүлэглэлийнхэн тухайн салбар руу хошууран орсноос эмх цэгц алдагдаж, бохирдол ихтэй, байгальд хийгээд хүрээлэн буй орчинд халгаатай, чимээ шуугиан, зугаа цэнгээнээр хөлөлсөн баазууд олшрох хандлагатай болсон нь эргээд жуулчдаа үргээх сөрөг үр дагаварыг авч ирсэн гэх. Жуулчдын сонирхол, сэтгэл ханамж талаас нь авч үзвэл тэдний нэлээн хэсэг нь гагцхүү очиж үзээгүй сонин содон газраар очиж үзэх өнгөц сонирхолд эхэндээ хөтлөгдөж аялдаг тул, дээрх таагүй хүчин зүйлүүд тохиолдох юм бол үзээгүй газраа үзлээ, цаашид дасаж сэтгэл татагдаад байх зүйлгүй гэх маягаар өөр газар орон луу тэмүүлдэг, харин дахин ирэхүйц түвшинд сэтгэлийг нь татаж, тав тухыг нь хангаваас улам олон жуулчин аялагчийг дагуулж ирдэг онцлог байгаа нь ажиглагдсан байна. Үүнээс үзвэл аялал жуулчиллыг хөгжүүлэх гэдэг нь урсгалаар дагаж давалгаалахаас илүү чухам “долоо хэмжиж нэг огтлох”-уйц гярхай бодол, хэрсүү ухаан, нарийн бодлого шаардсан ажил болох нь анзаарагдана.

Бид мөн Монголын Аялал жуулчиллын холбооны тэргүүн Д.Отгонбаяртай уулзаж, санал солилцон, сонирхууштай чухал мэдээллүүдийг авсан юм. Д.Отгонбаяр тэргүүний танилцуулснаар 1992 онд байгуулагдсан тус холбоонд өдгөө 200 гаруй гишүүн байгууллага хамрагдан, үйл ажиллагаа явуулдаг. Тухайн төрлийн бизнес эрхлэж буй компани, аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо тэдгээрийн зорилт, хүчин чадал, цар хүрээг нь нягтлан судлах замаар, ерөнхий жишгийн дагуу дотоодын болон олон улсын, мөн аялах чиглэлийнх нь дагуу гаднаас ирэх (inboind), гадагшаа явах (outbound), аяллын зорилгынх нь дагууд ерөнхий сонирхолын, тусгай сонирхлын гэсэн төрөл ангиллаар зааглаж олгодог байна. Дэлхий дахинд нүүрлэсэн “ковид” цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас 2019 оноос хойш Монгол улсын аялал жуулчиллын салбарын хэмжээнд 5800 ажлын байр эрсдэлд өртөж, салбарын ажиллагсдын 49 хувь нь цомхотгогдож, аялал жуулчиллын үйл ажиллагаа явуулдаг компани, хуулийн этгээдүүдийн 15 хувь нь дампуурч, татан буугдсан. Аялал жуулчиллын салбарт 1600 орчим хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж, дунджаар 607.0 сая долларын орлого бүрдүүлдэг байсан бол орлогын хэмжээ 80 хувиар буурч, 564.0 сая доллар буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь улсын эдийн засагт ихээхэн нэрмээс, хүндрэлийг буй болгож байгаа ч төр Засгийн зүгээс бодлогыг оновчтой болгох, цаг үед нь зохицуулж арга чарга сэдэх талаар нэн хойрго байгаа хэмээн Аялал жуулчиллын холбооны зүгээс бас л шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлахад тус холбооноос “Цар тахлын дараах үеийн аялал жуулчиллын жанжин шугам, бодлого төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газарт өгсөн боловч Засгийн газар уг төлөвлөгөөг батлаагүйгээр барахгүй энэ талаар тодорхой хариу байхгүйгээр зургаан сарын нүүр үзэж байгаа аж. Мөн Аялал жуулчиллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах тухай БОАЖ-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 04-ны А/110 тоот тушаал гарч, ажлын хэсэг байгуулагдан, төслийг боловсруулж өгсөн ч, огт хэлэлцэгдэлгүй байсаар гурван жил өнгөрсний хойно, одоо болохоор “тэр төсөл чинь хуучирсан дахиж шинээр төсөл боловсруулж оруулж ир” гээд сууж байгаа. Тухайн үеийн ажлын хэсэг нь үүргээ гүйцэтгэсэн гээд тараад явчихсан гэх мэтийн дампуу зүйлүүд ч байгаа гэнэ. Харин Хөвсгөл аймгийн Аялал жуулчиллын холбооны дэд тэргүүн Я.Отгонбаярын ярьснаар бол хуулийн төслийн шинэчилсэн найруулгад орон нутгийн аялал жуулчиллын салбарынхнаас оруулах санал нэн арвин байсан ч санал сонсох, цуглуулах талаар ямар ч ажил зохион байгуулаагүй, хуулийн төслийг хэн, хаагуур, яаж боловсруулж байгаа нь мэдэгдээгүй гэх. Энэ мэтээс ажиглахад Монголын Аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны хувьд доороо гэхээсээ илүүтэй дээрээ “суудал нь өнцөгдсөн”, алхай, залхай байдалд нэвт идэгдсэн юм шиг сэтгэгдэл төрөв. “Нью Жуулчин” компани нь дэргэдээ Аялал жуулчиллын коллежтэй бөгөөд тогооч, зочид буудлын болон жуулчны баазын менежер, зохион байгуулагч, зочин угтагч, хөтөч үйлчлэгч зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, ажлын байранд зуучилдаг байна. Тус коллежийн багш аяллын багийнханд зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний соёлын талаар хичээл орсон нь мэдээжийн хэрэг тухайн чиглэлийн хүмүүст тун ч ач холбогдолтой зүйл байлаа.

Орон нутгийн түвшинд аялал жуулчиллын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах сонирхолтой бизнес эрхлэгчид ямар материалуудыг хэрхэн бүрдүүлж, хэнд хандахаа огт мэддэггүй, аймгийн холбогдох байгууллагаас асуухад яах ёстойг нь хэлж өгч чаддаггүй тухай ч асуудал хөндөгдөж байсан. Энэ үеэр яригдсан орон нутгийнхны хувьд зайлшгүй анхаарах ёстой нэг асуудал нь хаа газарт жуулчдын сонирхлыг татахуйц, байгалийн өвөрмөц тогтоц, ховор баялагтай, ховор ургамал, амьтан шувуу, рашаан устай чухал газруудынхаа яг “нүд”-н дээр нь аваачиж бааз, кэмп байгуулж, гэр барьчихаад, аялал жуулчиллын үйлчилгээ үзүүлж байна гээд байдаг нь үнэндээ бол тэрхүү ховор нөөцөө сөнөөн устгаж буй явдал гэдгийг хэн хүнгүй онцлож байв. Өнөөгийн бодит амьдрал дээр, эрх мэдэл, мөнгө, ар, өврийн хаалгаар дөрөөлсөн нөхөд бусдаас өрсөж, байр суурь эзлэх гэж ийм мунхаг юм хийх нь түгээмэл хийгээд, Ховд аймагт ч олон жишээ буйг ярьцгааж байв.

Бичвэрийнхээ төгсгөлд дээр үгүүлэгдсэн таагүй зүйлүүдийг цайруулж, сэтгэлд наалдахуйц аятай мэдээллийг уншигчдад хүргэвээс туршлага судлах аяллын сүүлчийн өдөр “Нью Жуулчин” компаний зохион байгуулснаар Монголын аялал жуулчиллын салбарын тэргүүлэх 50 компаний удирдлага болон төлөөллүүдэд Ховд аймгийн аялал жуулчиллын нөхцөл байдлыг танилцуулах өдөрлөг явагдав. Өдөрлөг дээр Ховд аймгийн Аялал жуулчиллын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхож, тодруулсан зүйлүүдэд аймгийн Аялал жуулчиллын холбооны гүйцэтгэх захирал П.Амарсанаа, Удирдах зөвлөлийн гишүүн Бирваа нарын хүмүүс нарийвчлан тайлбарлаж байлаа. Ховд аймагт орон нутгийн төсвийн 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Аялал жуулчиллын мэдээллийн төв байгуулах ажил явагдаж байгаа, Ховд травел цахим сайт хийлгэж байгаа, сургалт, туршлага судлууулах зэрэг чадавхжуулах ажлуудыг цаашид үе шаттайгаар явуулна гэхчилэн нөхцөл боломжийг бүрдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар Г.Пүрэвганди даргын мэдээлэлд яригдсан бол БОАЖЯ-ны Аялал жуулчиллын бодлого зохицуулалтын газрын дарга асан С.Баясгалан мэдээлэл хийхдээ Төв Азийн Аялал жуулчлалын холбооноос Ази тивийн аялал жуулчлалын стратеги боловсруулсанд Алтайн нурууны болон Говийн гэсэн хоёр чиглэлийн аялал жуулчлалын кластерийг Монгол орныг хамруулан буй болгохоор тусгагдсан. Алтайн аялал жуулчлалын кластерийн хүрээнд судалгаа хийж, Монголын баруун бүс нутгийг Алтайн кластерт хамруулж, олон улсын нисэх буудал, аялал жуулчлалын дэд бүтэц зэргийг барьж байгуулах 32.0 сая долларын өртөгтэй төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр батлуулж байгаа. Энэ хүрээнд Ховдод нүүдлийн соёлын төв цогцолбор буй болгохоор төлөвлөсөн гэх мэт бодлогын томоохон шийдлүүд хийгдэж байгааг танилцуулав. Бодлого талаасаа ихээхэн хүч тавьж, томоохон шийдвэрүүд гарч байгаа нь чихэнд чимэгтэй бөгөөд хэрэгжилтийнх нь ойр, хэтийн төлөв байдал, түүнийг шингээж, үр шимийг нь дэлгэрүүлэх тухайд чухам санаа зовнихоос аргагүй мэт сэтгэгдэл төрнө.

Холбооны гүйцэтгэх захирал мастер тогооч П.Амарсанаа өөрийн мэргэжил ур чадвараа ашиглан, багийнхны хамтаар, нутгийн онцлогийг шингээсэн өвөрмөц хийгээд амтлаг хоол, ундыг бэлтгэн, уулзалтанд оролцсон зочдыг дайлсан нь зочдын сэтгэлд гойд нийцсэн юм. Энэ нь орон нутгийнхаа аялал жуулчлиллын бүтээгдэхүүний нэг онцлогийг давхар таниулсан хэрэг байв. Холбооны болон салбарын төлөөллүүдийн зүгээс тухайн салбарын тэргүүлэх ийм олон бизнесийн байгууллагуудтай нүүр тулсан уулзалт хийж буй анхны тохиолдол энэ бөгөөд чухам ингэснээр Ховд аймгийн аялал жуулчиллын салбарын холбоо харилцааг өргөжүүлэн тэлэх, байдлыг таниулах, сурталчилах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд маш чухал алхам болсон хэрэг. Өдөрлөг уулзалтанд оролцсон бизнесийн байгууллагуудын төлөөллүүд бүгдээрээ Ховд аймагтай аялал жуулчиллаар хамтран ажиллах сонирхолтой байгаа нь харагдсанаас гадна. Арвин туршлагатай захирал, менежерүүд мэргэжилтнүүдийн зүгээс орон нутагт аялал жуулчиллыг анхнаас нь яаж зөв хөгжүүлэх талаар санал бодлоо хэлж, зөвлөгөө өгч байлаа. Эндээс гарсан нэг томоохон үр дүнтэй шийдэл гэвэл энэ 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт багтаан үндэсний хэмжээний аялал жуулчиллын тур оператор (зуучлан зохион байгуулагч) компануудын төлөөллөөс бүрдсэн аяллын группыг Ховд аймагт урьж Ховд аймгийн аялал жуулчиллын онцлох газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулахаар тохиролцсон юм. Ингэснээр холбоо харилцаа улам тодорхой болон бэхжиж, тухайн компануудаас Ховд аймаг руу чиглүүлэн, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх алхам болох нь тодорхой. Туршлага судлах аяллын туршид уулзаж яриа хөөрөө өрнүүлсэн тухайн салбарын хүмүүс маань нэг их удахгүй “ковид” цар тахал арилж, байдал хэвийн талдаа орж, аялал жуулчилал сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ урьд, урьдынхаас арай өөр хэв маяг зонхилж, бүх зүйл шинэлэг байдлаар өрнөх байх гэсэн хандлагатай байгаа нь ч ажиглагдсан.

Дашрамд орон нутагт аялал жуулчиллыг нутагшуулан идээшүүлэх ойрын болон хэтийн төсөөллийн талаар санаагаа хуваалцваас ийнхүү холбоо харилцааг эрчимжүүлэх, мөнхүү аялал жуулчилын бизнес эрхлэгчдэд боломж олгох, замыг нь нээж өгч, чадавхжуулахын зэрэгцээгээр бусад нутаг орны туршлага сургамжаас санаа авч, төлөвлөж, боловсруулж батлуулсан бодлогын баримт бичгээ эргэж харж нягтлах, хэрэгжүүлэхтэй холбоотой эерэг сөрөг хүчин зүйлсийн харьцааг сайтар тооцоолох, их хэмжээний хөрөнгө зарж, зохион байгуулдаг “эвент” (онцлог үйл явдал) гэгддэг арга хэмжээнүүд нь хэдий хугацаанд зардлаа нөхөж, аймаг орны эдийн засагт хэдий хэрийн өгөөж авч ирэх вэ гэдгийг дахин дахин судлаж тооцоолох, байгаль, газар орны онгон дагшин байдал, ирээдүй хойчийн амьдрах орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, ард иргэдэд хэр зэрэг хүртээмжтэй үр нөлөөг авч ирэх зэргийг урьдаас гярхай ажиглаж, “долоо хэмжиж, нэг огтлох” цаашилбал эрх зүйн орчинг нь сайжруулах, төрийн бодлого үйлчилгээг соргог, “улигхан” байлгах тухайд дээр дурьдагдсанчилан ихээхэн залхаг байдал ноёлсоор байгааг нууж, хаалгүйгээр, уг үйл ажиллагаануудад иргэдийн болон тухайн салбар дахь жирийн олны бодол санаа, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг анзаарч, санаж сэрэх нь нэн тустай гэж бодогдов.

Хиргис Г.ТӨРМӨНХ
2021 оны 9 дүгээр сар

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.