Нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна

2021-09-1 Нийслэл
Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобусууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. Covid-19-ийн үед зорчигч хоорондын болон суудал хоорондын зай барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс буюу маргаашаас нэмж 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа ярив.

Иргэдээс нийтийн тээврийн хүрэлцээ болоод ариутгал, цэвэрлэгээний тухай асуухад “Нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч түгжрэлийн улмаас автобус удаан хүлээлгэж ирж байна. Зуслан орчмын буюу Хандгайт зүг рүү 20 хүний жижиг автобус явдаг. Тэгэхээр хүрэлцээ маш муу гэсэн үг. Аль болохоор богинын эргэлт хийлгээд, хот руу оруулахгүй байх арга хэмжээ авах ёстой болов уу. Жишээ нь, Зуслангуудаас Долоон буудал хүртэл явдаг байхаар зохицуулахгүй бол зуслангийн автобус хотод орж ирээд түгжирчихдэг. Үүнээс үүдэн автобус маш удаан хүлээж байна. Мөн автобусны буудлууд дээр суудлын машинууд зогссоноос болж иргэдэд хүндрэлтэй байна” хэмээн  нэгэн өндөр настан ярилаа.

Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. МУБИС-ийн автобусны буудал дээр ажиллаж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд “Байцаагч нар хуваарийн дагуу ажлын таван өдөр ажилладаг. Хяналтын байцаагч нар автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болоод зорчигч хоорондын зай барилтад хяналт тавьж байгаа. Гэвч бодит байдал дээр зорчигч хооронд зай барих заалт хэрэгжихгүй байна. Манай байгууллагын зүгээс аль болохоор автобусныхаа тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Мөн коронавирус илэрснээс хойш ариутгал, цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, өглөө үйлчилгээнд гарахаас нь өмнө болоод орой нийтийн тээвэр зогссоны дараа заавал цэвэрлэгээ, угаалга хийлгэдэг” хэмээсэн юм.

Автобус хүлээн зогсох иргэдийн төлөөлөл “Иргэдийн хотын соёл үнэхээр муу байна. Автобусны цахим картаар үйлчлүүлэхгүй, жолооч нарт бэлэн мөнгө өгдөг хүмүүс их харагддаг. Цаашид үүнд анхаарч, хяналт тавиасай. Бас автобусны жолооч нар буудал дээрээ удаан зогсдоггүй. Хальт хаалгаа онгойлгоод л хөдөлчихдөг. Хөгшин настай хүмүүс амжиж сууж чадахгүй, хоцрох тохиолдол олон байна. Автобус болоод буудлын ариун цэвэрт дан ганц жолооч, ТҮК-ийн ажилчдын үүргээс гадна иргэдийн ухамсар дутагдаж байгаа санагддаг. Татаж байгаа тамхиныхаа ишийг шууд шидчихнэ, эсвэл зажилсан бохио энд тэнд наана, шүлсээ хаяна. Тэгэхээр иргэдийн ухамсар, соёл маш муу байна даа” хэмээн ярьж байв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа онцолж байлаа. Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм. “Боломжтой бол дараагийн автобусыг хүлээж байгаад үйлчлүүлэх буюу нэг автобусанд бөөгнөрөн, шахалдахаас зайлсхийгээрэй” хэмээн үүрэг гүйцэтгэж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд иргэдэд уриалж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.