Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо анхны хурлаа хийлээ. Тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд дараах асуудлыг судалж, танилцуулах үүрэг өглөө.
Үүнд,
- Эхний ээлжид богино хугацааны шийдэлд анхаарах,
- Төрийн алба хаагчдын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг гаргах,
- Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох,
- Түгжрэлийн эсрэг үйл ажиллагааг төсвийн бодлогоор дэмжих арга замуудыг судлах,
- Хотын төвд барилга барихыг дэмжихгүй, харин хотын захад барилга баривал төсвөөс дэмждэг болох,
- Хотоос нүүх шийдвэр гаргасан их, дээд сургуулиудад төсвийн дэмжлэг үзүүлэх,
- Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох,
- Хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох,
- Нийтийн тээврийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдэх боломжийг судлах,
- Алхах болон дугуй унахад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судлах,
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах асуудлыг судлах, цаг хугацааны хувьд хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй эсэхийг судлах,
- Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг байх арга үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн хэсэгт автомашин гадаа огт зогсдоггүй болгох,
- Сургуулийн автобусыг түрээслэх аргаар шийдвэрлэх боломжийг судлах,
- Хотын төвд баригдах барилгуудад зогсоолын стандарт тогтоох,
- Төрийн алба хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал үр дүнтэй эсэхийг судлах,
- Хотын төвийн гол замуудыг нэг урсгалтай болгох,
- Түгжрэлийн эсрэг санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг тогтолцоог судлах,
- 1-р эгнээнд орхисон машины торгууль, шийтгэврийн орлогыг түгжрэлтэй холбоотой ажилд зарцуулдаг болох талаар судлах,
- Худалдааны төвүүдийн цагийг зөрүүлэх,
- Хувийн болон төрийн байгууллагын ажлын цагийг зөрүүлэх гэх зэрэг саналууд боломж, үр дүнтэй эсэхийг судалж тогтоох үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгөв.
Түүнчлэн богино хугацааны шийдлээ энэ баасан гарагт, дунд хугацааны шийдлээ ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулахыг үүрэг болголоо.