“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний гудамж жишиг болон ажиллаж байгаа. Тус төслийн удирдагч С.Батмөнхийн мэдээлснээр дараагийн хоёр “Өглөөний гудамж” ирэх сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй.
ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖ, ЕРӨНХИЙ САЙД А.АМАРЫН ГУДАМЖИЙГ ЕСДҮГЭЭР САРД НЭЭХЭЭ БОЛЬСОН
Тус гудамжийн тохижилтын ажил болон эхний гудамжаас юугаар ялгаатай, давуу талтай болохыг нийслэлийн Захирагчийн албанаас тодруулахад:
-Нийт гурван газарт жишиг гудамж бий болгох төслийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22 дугаар байрны урд замын тохижилтын ажил дуусч, үйлчилгээний газрууд, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдсэн. Төлөвлөгөөний дагуу жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоно. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллана.
Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшилсон. Гэхдээ энэ онд багтаж ашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийнэ.
Мөн зөвхөн зуны дэлгэр цагт ч биш өвлийн улиралд ч иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой байгаа. Есдүгээр сард нээхээр төлөвлөж байсан Жамьян-Гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06.00-09.00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж Баасан, Бямба, Ням гаригийн оройн 20.00-00.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар тооцсон. Тохижилт дуусч, нээсний дараа цагийн хуваарь болон бусад давуу талуудыг дурдах нь зүйтэй байх гэдэг тайлбарыг өглөө.
Ямартай ч иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртээд байгаа. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс цахим хуудастаа уриалжээ.