Наргиа-Базаа
Хоржоонтой Хоролмаа
Эхнэрүүдийг базах байдлаар нь гурав ангилна. Ил базаатай, далд базаатай, интертаймент базаатай гэж… (Базаагүй эхнэр гэсэн ангилал түүхэнд бүртгэгдээгүй болно)
Ил базаатай хүүхнүүд гайгүй ээ хөөрхий. Үглэж дуулах нь ил, уйлж инээх нь ч ойрхон. Нөхөр оройтлоо, араас нь утасдлаа, халамцуу орж ирэхэд нь тосч хэрүүл хийлээ, унтууллаа, өглөө нь эрүүний шөлөнд бантан багсарлаа.. тэгсгээд болоо. Тэдний бодсон санасан нь нүүрэн дээрээ ил, уньсан туньсан нь ч бас нүднээ тодхон болохоор нэг их ур ухаан шаардахгүй. Ерөнхийдөө богино хугацаанд аянга шиг цахиад өнгөрөх учир тэр нэг хэсэг мөчийг л тэсчихвэл алзахгүй .
Харин далд базаатай эхнэрүүд цаанаа эвгүй. Уур нь хүрвэл хэдэн өдрөөр дуугаа хураачихна. Тэгээд л бүрхэг тэнгэр шиг баргар хүн гэрээр нэг нүүгэлтээд л, ганц үг ганхийхгүй дээрээ “гөлөөг” ч гэж тоож харахгүй. Ийм үед зүрхэлж юм асуух нь битгий хэл чангахан амьсгалах зоригтой аавын хүүг алаг цэнхэр замбуулингаас амар олохгүй л болов уу. Тэгж тэгж нэг дуугарахаараа шүүхийн тогтоол шиг яс тас, зурагтай бичлэгтэй, чаттай, и-баримттай, дансны хуулгатай нь гаргаж ирээд нам хийнэ. Бултаж мэлзэх ямар ч аргагүй учир буруугаа эртхэн хүлээх нь аминд өлзийтэй. Гүлдийгээд л байвал шазайгаад л байна, хөмхий зуултынх нь хөлд яаж ч үрэгдэж мэднэ. Уурлаагүй үедээ ч базааны бачим савраа тавихгүй. Нөхрөө шоунд дуртайяа явуулчихаад өөрөө хаашаа нь мэдэгдэхгүй сэмхэн гарч одно. Нэг ч утасдахгүй хэрнээ утсаа ч авахгүй. Байгаа нь ерөнхийдөө бамбай хоншоорт шиг ойлгомжгүй, учир битүүлэг…
Интертаймэнт базаа бол их хөөрхөөн… Нөхөртөө хэлмээр байгаа үгээ хаанаас ч юм олоод шэйрлэчихнэ, нөгөө тэнэг нь уншдаг ч юм уу, уншлаа гэхэд ойлгодог ч юм уу. Эмэгтэй хүнийг хэрхэн жаргаах талаар сүр сүр зөвлөгөө, нийтлэл, эхнэрээ тултал хайрлаж байгаа тухай хэн нэгний бичлэг, стоорины дор палхийтэл мэншиондоно. Аль л гоё үгтэй поп ишлэл, афоризмын дор ч чихдээд ирнэ. Нэг ёсондоо хажуудах хардаа юм ойлгуулчих гээд л үзээд байна, нүүр тулж хэлснээс сошиалаар зарлан дуудвал илүү далайцтай гээд итгэчихсэн нь эгдүүтэй. За тэгээд, зарж байгаа бараа болгоны дор шахуу “энийг хар даа хайр аа.. авмаар бна” гээл мэншион… Өнөө муу залуу нь уурлах ч хэцүү, хариулах ч хэцүү нэг муу лайк дармар болсон харагдах.. Цаашлаад нөхрөө хэний зурган дээр зүрх дарж, хэний пост дор коммент бичих нь үү гээл тандаастай, найзуудынх нь нүүрномоор эргэлдээстэй, сэжигтэй үг өгүүлбэр ажиглагдвал зарлан дуудаж асуух гэхчлэн лайв шүүлттэй, реалити шийтгэлтэй. За тэгээд, Та болон таны эхнэр (найз охин) эдгээр гурван базалтын алинд нь хамаардаг болохыг комментоор хуваалцаж хүссэн про зурган дээрээ үнэгүй зүрх даруулаарай, та яараарай…