Дэлхийн эдийн засаг тахлын өмнөх өсөлтийн замналдаа эргэн ороход ахиц дэвшил гарч байгаа боловч нийлүүлэлтийн бэрхшээл, инфляцийн өсөлтийн улмаас эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр байна. АНУ-д үнийн өсөлт нь хэрэглээний өсөлтийг хязгаарлаж, Хятадад “Дельта” хувилбарын дэгдэлт агаарын тээврийн салбарыг “сул зогсох”-д хүргэж буй. Бид “Дэлхийн эдийн засаг” булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг онцолж байна.
Сovid-19-ийн “Дельта” хувилбараас үүдэлтэй эрсдэл тулгарсан ч гуравдугаар улирлын эхэн үед үзүүлж буй шинж тэмдгүүд нь дэлхийн эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгааг харуулав. Гэвч инфляци дээд цэгтээ хүрсэн нь эрэлт буурч, үнэ өсөх эрсдэлээс эмээж байсан бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг баталлаа.
АНУ
АНУ-ын эдийн засгийн сэргэлтийг хязгаарлаж буй нийлүүлэлтийн хомсдлын улмаас ойрын хугацаанд инфляцийн түвшин буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Эдийн засгийн шинжээчид энэ оны хувьд эдийн засгийн үзүүлэлт доогуур байхаар тооцож буй ч 2022 он гэхэд инфляцийн түвшин буурна хэмээн таамагласныг “Bloomberg”-ээс сар бүр явуулдаг эдийн засгийн судалгаагаар тогтоожээ.
АНУ-д сүүлийн үед Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэж, инфляци өсөх болсонтой холбогдуулан наймдугаар сарын эхээр хэрэглэгчдийн сэтгэл санааны үзүүлэлт унаж, сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Ийнхүү итгэл үнэмшил буурч буйгаас харахад ирэх саруудад эдийн засгийн өсөлт удаашрах нь тодорхой байна.
Гэвч эерэг үзүүлэлтүүд байгааг дурдах хэрэгтэй. АНУ-д өнгөрсөн дөрөв, таван сарын хугацаанд үйлдвэрлэгчдэд тулгарч байсан нийлүүлэлтийн зарим хязгаарлалт бага зэрэг буурсныг Нийлүүлэлтиийн менежментийн хүрээлэнгээс долдугаар сард хийсэн судалгааны дүн харуулжээ. Түүхий эдийн үнийн өсөлт буурч, ажилчдын тоо нэмэгдсэнээс гадна нийлүүлэлтийн саатал бага байгааг мэдээлжээ. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдан авагчдын эрэлт зургадугаар сарынхаас бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Европ
Их Британид сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад гаралтай иргэдийн тоо хоёр дахин өсч, есөн саяд хүрсэн нь цагаачлал болон нийгмийн нэгдмэл байдлын тухай асуудлыг хурцаар тавихад хүрч буйг судалгааны дүн харуулжээ. Тус улсын эдийн засаг өнгөрсөн зургадугаар сард таамаглаж байснаас илүү өссөн нь Covid-19-ийн хязгаарлалтууд дотоодын үйлдвэрлэл үйлчилгээнд давуу тал бий болгосонтой холбоотой аж.
Түүнчлэн барууны орнуудад вакцинжуулалтын түвшин өндөр байгаа нь эдийн засгийн идэвхжил хэвийн байдалдаа эргэж орох боломж олгож байна. Европын үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн долдугаар сар гэхэд бараг дээд түвшиндээ хүрсэн юм. Тэр дундаа сүүлийн саруудад хязгаарлалтын дэглэмийг сулруулсан евро бүсийн хувьд пүүс, компаниуд ажилтнуудаа дээд хэмжээгээр ажиллуулснаар хэрэглэгчдийн эрэлт үйлдвэрлэлээс урьд өмнө байгаагүй хэмжээгээр давж гарсан болохыг “IHS Markit”-ээс мэдээлжээ.
Ази
Жилийн хоёрдугаар хагаст Хятадын эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, өсөлт удаашрах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн өсөлт буурахад инфляцийн дарамт нэмэгдэж байгаа нь Хятадын Төв банкнаас аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй дэмжлэгийг талаар болоход хүргэж байгаа аж. Түүхий эдийн үнэ нэмэгдэх хэрээр долдугаар сард үйлдвэрийн инфляци дахин есөн хувь болж өссөн юм. Мөн хүнсний болон шатахууны үнийг тогтворгүй болгодог гол хэрэглээний барааны үнэ өнгөрсөн 18 сарын хугацаанд урд өмнө байгаагүйгээр өсөв.
Тайваньд экспортын эрэлт хэрэгцээ өндөр байгаа ч үнийн өсөлт тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлжээ. Экспорт 2020 онд экспортоор дээд амжилт тогтоосон бөгөөд 2021 он гарахаас өмнө дээд амжилтаа эвдэх төлөвтэй байна.
Цар тахлын үед гаднын эрэлт өндөр байгаа нь Хятад, Өмнөд Солонгос зэрэг орны экспортын өсөлтөд түлхэц үзүүлж байгаа юм. Тухайлбал, үйлдвэрүүд нь унадаг дугуйнаас эхлүүлээд тавилга, электрон хэрэгсэл зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр гаднын хэрэглэгчдийг хангадаг болжээ. Гэвч уг хөдөлгүүр удаашрах төлөв ажиглагдаж байна. Хятадад хувийн болон албан ёсны үйлдвэрлэлийн аль аль нь өнгөрсөн долдугаар сард нэг жилийн хамгийн доод түвшинд хүртэл буурсан нь дотоод болон гадаадын эрэлт буурч буйг харуулж байна.
Зургадугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 39.8 хувиар өссөн Өмнөд Солонгосын экспортын салбар долдугаар сард 29.6 хувиар өссөн нь ирэх саруудад нийлүүлэлт тогтворгүй байх зэрэг таагүй зүйлс хүлээж буйг харуулж байна. “HSBC”-ийн Азийн эдийн засгийн судалгааны хэлтсийн дарга Фредерик Нейман “Вирусийн шууд аюул хэдхэн сарын дотор буурсан ч түүний эдийн засагт үзүүлэх нөлөө удаан үргэлжилнэ” гэсэн юм. Төгсгөлд өгүүлэхэд, Азид “Дельта” хувилбар хурдацтай тархаж, вакцинжуулалт удааширваас урт хугацаанд эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулж буй билээ.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: BLOOMBERG, THW WALL STREET JOURNAL